Ц.Нямдорж яг хэн бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг тойрсон элдэв хэл сүүлийн үед улам гаарав. Зүгээр ч нэг олон нийтийн дундах бор шувуу биш, яамных нь харъяаны хууль сахиулах байгууллагынхан нэр цохон буруутгах болсон нь Монголын парламентын хөгшин бурхид эргэлзэх хүн олон болов. Уг нь түүнийг төрд, тэр дундаа хууль зүйн салбарт нэг насаараа зүтгэж байгаа, бас чиг тууштай, хатуу улс төрч гэдэг имиджийг өөртөө бүрдүүлж, ард түмэн ч Ц.Нямдоржийн хэлсэн үгэнд эргэлздэггүй байлаа.

Гэтэл дөрөв дэх засаглал болох сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгт яллагдагчаар татах болсон прокурорын мэдэгдэл шуугиан тарьж орхив. Нэр бүхий сэтгүүлчид, тэдний гэр бүлийн 30 гаруй иргэнийг тагнаж чагнасан хэрэг илэрч, Тагнуулын ерөнхий газраас Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хэрэг үүсгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн сард ингэж мэдэгдсэн хэрэг. Нэг үгээр цагдаа нар хууль зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулж, сэтгүүлчдийг тагнасан. Энэ эрхийг Ц.Нямдорж сайд олгосон буюу захиалсан болж таарсан. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд тагнуулын байгууллагад дуудагдсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэр нь ч үнэн болж, эрхэм сайд Тагнуулын ерөнхий газрыг зорьжээ. Ингэхдээ яллагдчийн хувьд биш гэрчийн хувиар очсон тухай тэрээр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Энэ мэдэгдлээс хойш хуулийн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэргийн захиалагч уу, гэрч үү гэдэгт эргэлзэхэд хүрээд байна. Ямартаа ч эл үйл явдал хөгшин сайдыг олон түмэнд муухай харагдуулж орхилоо.

Дайран дээр давс гэгчээр энэ явдалтай зэрэгцэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын явцыг Ерөнхий прокурорын орлогч, уг хэргийг шалгах Ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат дэлгэрэнгүй ярилцлагыг телевизэд өгөх үеэр хэргийг үнэн мөнөөр шийдэхэд Ц.Нямдорж сайд саад, тушаа болж байгаа тухай албан ёсоор мэдэгдэв.

Уг нь тэрээр энэ хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа нарын хүмүүсийг хэлмэгдүүлж байна, Б.Булганыг үнэн зөвөөр шүүхгүй байгаа тухай, хууль зүйн салбарыг удирдаж байгаагийн хувьд энэ хэргийг үнэн мөнөөр шийдүүлэхийн төлөө ажиллах болно гэсэн амлалтууд түүнийг энэ хэргийн төлөө чин сэтгэлээрээ ажиллаж байгаа гэж ойлгогдож байв. Гэтэл хэргийг үнэн мөнөөр илрүүлэхийг хүсэхгүй, удаашруулж, төөрөгдүүлэх улс төрийн нөлөөллийг толгойлон хийж байгаа хүнээр хариуцлагатай албан тушаалтай хүн нэрлэж орхисон нь олныг гайхашрууллаа. Ингэхэд Ц.Нямдорж яг хэн бэ?

Эх сурвалж: news1.mn

SHARE