Амьжиргааны түвшин тогтоох алиа салбадайн үлгэр

Амьжиргааны түвшингээс хамаарч Монгол Улсын хүн ам хэрхэн амьдарч байна, ядуурал ямар түвшинд байна, амьжиргааны аль түвшинд нь чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх вэ гээд төр засгийн бодлогын хамгийн анхны эх үүсвэр, чиглүүлэгч болдог учиртай. Гэтэл зүг чиг заагч алтангадас болсон амьжиргааны түвшинг тогтоох гэгч нь алиа салбадайн үлгэр болсныг саяхан олж мэдлээ. Асуудал өөрийн бие дээр тулж ирэхгүй л бол тэр бүх ухаж ойлгодоггүй, өнгөц дүгнэлттэй л байдаг аж. Амьжиргааны түвшин тогтооно гэж улс даяар хэдэн тэрбумыг зарцуулан байж хэд хэдэн удаа хийснийг хүмүүс санаж байгаа байх. Амьжиргааны түвшнээс хамаарч айл өрхүүд халамжийн үйлчилгээнд хамрагддаг. Хүнсний талон, түлээ нүүрсний хөнгөлөлт, хүүхдийн 20 мянга гэх мэт.

Хүүхдээ төрүүлээд гэртээ суусан ээж яаж орлоготой байх вэ гэдэг бодол амралтаа авах үеэс л эхэлдэг аж. Тэр үед хүүхдийн мөнгө хамгийн түрүүнд санаанд буух.

Ингээд хүүхэд ч төрлөө. Засаг солигдож, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан үе ч таарлаа. МАН сонгуулийн амлалтаа биелүүлнэ гэсэн шинэ Засгийн амттай амлалт дорохноо хэрэгжиж хүү маань төрсөн сараасаа хүүхдийн 20 мянгаа торох зүйлгүй авч эхэллээ. Гэтэл он гаруут 20 маань сураггүй болов. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сайтаар орж шалгавал “Танай өрх 2017 онд бүрдүүлсэн Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын баталсан хүүхдийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах 554 босго онооноос дээгүүрт багтсан байна” гэх нь тэр. Үнэндээ би хүүгээ төрүүлээд гэртээ суугаа ээж. Нөхөр хувиараа юм хийдэг, орлоготой ч үе, орлогогүй ч үе байна. Гэхдээ ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг, түүнийхээ төлөө тэмүүлж яваа залуу гэр бүл. Хөөцөлдөж чадахгүй явсаар өнгөрсөн сард харъяа хороон дээрээ очлоо. Манайх ер нь хэдэн оноотой болоод хасагчдихав гээд халамжийн мэргэжилтнээсээ асуулаа. Оноо гардаггүй гэж байна шүү. Амьжиргааны түвшин л компьютерт харагддаг гэж байна. Нийт өрхийг амьжиргааны 5 түвшнээр ангилж, хамгийн доод 2 түвшинд хамаарагдсан айлын хүүхдүүдэд 20 мянгыг өгч байгааг халамжийн мэргэжилтэн тайлбарлалаа. За тэгээд нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болж байгаа юм чинь хүү минь нэмэгдсэн хувьд орох нь уу гэтэл, халамжийн мэргэжилтэн бараг л орох боломжгүй гэж байна. Учрыг нь лавлатал, манайх бүр дундаас дээш буюу 4-р түвшинд байна гэнэ. 80 хувьд олгохдоо эхний 1, 2-р түвшин дээр 3-р түвшний айлууд дангаараа нэмэгдэх үү, 4-р түвшнийх орох уу гэдэг нь тодорхойгүй байгаа гэж байна. Би бодлоо. Дөнгөж гэр бүл болсон, гэр хорооллын, тогтсон орлогогүй залуу гэр бүл 3 сая монголчуудын амьжиргааны 5 түвшнээс дээрээс нь 4-р түвшинд хамаарагдчихна гэдэг  арай л сансрын санагдав. Уг нь энэ 4-р түвшин байр савтай, амьдрал нь тогтчихсон, гайгүй сайн орлоготой, бүр сайн яривал компани энэ тэртэй айлууд хамаарагдмаар. За тэр 5-р түвшинд бол долларын тэрбумтнууд л орох биз. Ингээд бодохоор манайх гэдэг айл дунд хавьцаа 3-р түвшинд байхад дээдийн заяа. Ингээд жаахан бухимдаад хорооны Засаг дарга дээрээ орлоо. Төр засгаас өгч байгаа хишгээс миний хүү яагаад ялгаварлагдан хасагдах ёстой гэж, 20 мянгыг аваад баяжчихгүй л дээ, гэхдээ багахан ч гэсэн хувь нэмэртэй, ингэлээ гээд 20 мянга аваад ажил хийхгүй амьдраад байя гэсэн бодол яавч төрөхгүй, ялангуяа залуу хүмүүст, ер нь хороо, хэсгийн иргэдийн амьжиргааны түвшинг зөв үнэлэх хэрэгтэй гэсэншүү их юм бодоод нөхөртэйгөө Засаг дээрээ давхиад орлоо. Бараг алгадууллаа шүү, Засаг даргаараа. Залуухан бүсгүй байна. Асуудлаа танилцуулахын завдалгүй өөдөөс хэдэн хүүхэдтэй энэ тэрээ гэж шалгааж байснаа “Ганц хүүхэдтэй хэрнээ ийм асуудал яриад явж байгаагаас ич” гэх зэргээр зөндөө загналаа. Шууд шок. Нээрээ ч ичмээр юм шиг, аа гэхдээ бас ийм төрийн үйлчилгээ гэж байх уу гэж харамсмаар, гомдмоор. Ийм л байдлаас болж төр иргэн хоёр улам холдож зааг гарч төрдөө итгэх итгэл буурах өчүүхэн хэдий ч асар том шалтгийн эх үүсвэр болдог гэдгийг өөрийн биеэр мэдрэв. Хууль журмыг нь харлаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойртуулж хүргэх ёстой үүрэг нь хорооны Засаг даргад байна. Иргэдийнхээ асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд дээд байгууллагадаа уламжлах үүрэгтэй гэнэ. Гэхдээ иргэнээ ингэж алгадах шахам биш л дээ. Нөхөр бид хоёр хүүхдийн мөнгөөр л амьдарчихъя гэсэн залхуу хойрго зантай хүмүүс биш ээ, зөндөө том мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө унаж тусан тэмцэж яваа л Монголын олон мянган залуу гэр бүлийн нэг. Зүгээр л төрийн үйлчилгээг шударга хүртэхийг хүссэн биш гэнэт 4-р зэргийн амьжиргааны түвшинд орж, иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаарай гээд татвараараа цалинжуулж байгаа Засаг даргаараа алгадуулах дөхсөндөө харамснам. Энд бэлэнчлэх сэтгэлгээ ерөөсөө хамаагүй.

Гэтэл хүүхдийн 20 мянгад манайх битгий хэл бүтэн өнчин хүүхдүүд, нөхөр нь орхиод явчихсан өрх толгойлсон ээжийн хүүхдүүд, эхнэр нь бурхан болчихсон аавтайгаа амьдардаг жаалууд, хажуу өрөө түрээсэлж амьдардаг залуу гэр бүлийн хүүхдүүд, аав ээжийнхаа хаяанд амьдардаг залуусын үрс ордоггүй жишээ баримт хар мянгаараа байдаг аж. Харин эсрэгээрээ орон сууцтай, гэр бүлийн хоёр төсвийн цалинтай, зуслангийн байртай, боломжийн амьдралтай айлууд хүүхдийн 20 авч байгаа жишээ бидний эргэн тойронд авдаггүйгээсээ олон. Хүнсний талон, түлээ нүүрсний хөнгөлөлтийг ч тэр. Боломжийн амьдралтай, хороо хоринд танил талтай л бол саадгүй хүртчихдгийг бүгд л мэднэ. Ийм амьжиргааны түвшин тогтоох ажиллагаа, ийм төрийн үйлчилгээ гэж байж болох уу.

 

Амьжиргааны түвшнээ хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин судалгаанд хамрагдахаар бичгийн цаасыг ар өвөргүй бөглөлөө. Ирэх 6-р сараас нааш хариу гарахгүй юм байх. УИХ-аас нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болж, түүнд нь хүү маань хамрагдсан ч нэгэнт дахин судалгаа өгсөн болохоор хариу гарахаас нааш тэтгэмжээ авах боломжгүй юм байна. Манайх ч судалгаа өгөөд 3 сарын дотор гарах хугацаа хэлж байна. Гэвч аль 1-р сард дахин судалгаагаа өгсөн ээжүүд хариугаа хүлээгээстэй, энд тэндээс сураглаастайг хаанаас ч сонсоостой. 1-р сарын дахин судалгааны хариу одоо гараагүй байгааг бодвол манайх бүр 9-р сараас наашгүй байх нь. Судалгааны хариу уддаг шалтгаан нь тухайн өрхийн эзэмшил эд хөрөнгийн лавлагааг энд тэндээс цуглуулдаг гэнэ. Ийм ч удаан цуглуулалт байх гэж дээ. Ганц өрхийн эд хөрөнгө эзэмшлийн лавлагаа хэдэн зуун газраас авдаг болохоор ингэж хэдэн сараар удааширдаг ажил вэ???

Үнэндээ төрийн үйлчилгээ, тэр дундаа амьжиргааны түвшин тогтоох гэгч ажиллагаа алиа салбадайн үлгэр болж гүйцжээ. Нэгэнт төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь үрэн таран хийж байгаагаас хойш хүүхдийн тэтгэмжийн 20 мянга, түлээ нүүрсний хөнгөлөлт, хүнсний талоныг зориулсан нийгмийн давхаргынхан нь авдаг эсэхэд дахин хяналт шалгалт хийх шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд, хүүхдийг баян, ядуу эцэг эх сонгож төрсний л хохь гэсэн хариуг төр засаг хүүхдийн тэтгэмж гээчээр өгч байгаа нь хүүхдийн эрх гээч юмыг уландаа гишгэсэн явдал. Өгвөл бүх нийтэд нь өг, боломжгүй бол зүгээр л больчих ёстой юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE