“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт болно

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

“Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд   баруун бүсийн таван аймгийг хамруулан танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагч нартай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн үеийн нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцоно.

Тус  сургалт, дадлага сургуульд өнгөрсөн жил АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш улс, НҮБ- ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси кор, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын нийт 210 гаруй төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн сургалт, дадлага сургуульд 10 гаруй улс орныг оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE