“Монголчуудын төлбөрийн хэрэгсэл –Эртнээс эдүгээ үзэсгэлэн” нээлээ

Үндэсний түүхийн музейд Монголчуудын төлбөрийн хэрэгслийн түүхийг үзүүлсэн  ховор нандин цугуулгын сан хөмрөг бүхий 1000 гаруй үзмэртэй үзэсгэлэн 2018 оны 5 дугаар сарын 14-нд нээгдэж, арван дөрөв хоногийн турш  үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүрээлд хүрч эхэллээ.

Тус үзэсгэлэнг Монголбанкнаас санаачлан Монголын зоос цуглуулагчдын холбоо, Монголын үндэсний түүхийн музейтэй хамтран “Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулж мөн “Банкны ажилтны өдөр”-ийг угтан зохион байгуулж байна.

Үзэсгэлэнг  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж  хэлсэн үгэндээ Монгол Улс оршин тогтнож ирсэн түүхийнхээ хугацаанд зоос, мөнгөн тэмдэгт төдийгүй таваараар арилжаа наймаа хийж, өрийн бичиг, вексел, зээллэг, облигацийг өргөнөөр хэрэглэж ирсэн баялаг түүхтэй болохыг онцолж, Монголбанк, төрийн байгууллагууд, Зоос судлалын холбоо, хувь цуглуулагчид Монгол Улсын түүх дурсгалын эд зүйлсийг судлан, хайгуул шинжилгээ хийх, цуглуулгын төрөл, зүйлийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа тухай дурдлаа.

Монголчуудын төрт улсаа байгуулсан цагаас эхлэн зоос, мөнгөн тэмдэгтийг хэрэглэж ирсэн эртний соёл, уламжлалаас хадгалагдсан  нэн ховор олворууд нь түүхийг гэрчлэх хосгүй үнэт баримтууд болохыг тус үзэсгэлэнд харуулжээ. Тийм учраас үзэсгэлэнд тавигдсан дурсгалт зүйлсүүд нь Монгол Улсын хөгжлийн үе шатыг бүрэн илэрхийлж байгаа юм.

Нүүдэлчдийн нүүдэллэх ахуйд  эртний түүхийн баримт, материалууд гээгдэж үгүй болохын зэрэгцээ цаасан болон зоосон мөнгөнүүд ихээр үрэгддэг. Иймд Монголбанк, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран Монгол Улсын түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг судлан, хайгуул шинэжилгээ хийх, төрөл цуглуулгыг нэмэгдүүлэх зэргээр өв соёлоо хадгалан хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Монголчуудын төлбөр хэрэгсэл-Эртнээс эдүгээ”  үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.  Тус үзэсгэлэн нь түүх, соёлын танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-төө хүндэтгэлтэй хандах ойлголтыг төрүүлж буйгаараа давхар ач холбогдолтой юм.

SHARE