Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүст Солонгосын виз дахин гарахгүй

НДЕГ, ЦЕГ, СОЛОНГОСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАМТРАН ВИЗ ХҮСЭГЧ ИРГЭД ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

 

Солонгосоос виз хүсэгч иргэдээс нийгмийн даатгал заавал төлсөн байхыг элчин сайдын яамнаас нь шаарддаг байна. Гэвч виз хүсэгчид уг бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол ихэсчээ.

“Бид мэдүүлсэн бичиг баримтыг нэг бүрчлэн шалгадаг. Хуурамч бичиг баримтаас болж визний олголт яалтчгүй удааширдаг юм. Хуурамч бичиг баримт үйлдсэн хүмүүс дараа нь зайлшгүй шаардлагаар Солонгосыг зорих болоход виз гарахгүй” гэж Солонгосоос Монгол улсад суугаа ЭСЯ-ны консул Кил Кан Муг хэллээ.

Тэгвэл өнөөдрөөс хуурамч бичиг баримт үйлдэх явдлыг зогсоохоор нийгмийн даатгалын лавлагаа үнэн эсэхийг шалгах цахим системийг холбогдох газрууд хэрэглэж эхэлсэн байна. Хуурамч бичиг баримт үйлддэг этгээдүүд бичиг баримтын төрлөөс хамаарч нэг иргэнээс 100 мянгаас таван сая хүртэлх төгрөг авдаг байна.

Виз хүсэгчид ихэвчлэн нийгмийн даатгал болон гэрлэлтийн лавлагаа, банканд таван сая төгрөг байршуулсан гэрээ, ажлын газрын тодорхойлолт, урилга, дансны хуулга зэргийг хуурамчаар үйлддэг аж. Харин суралцахыг хүсэгчид оюутны үнэмлэх, дүнгийн хуулбар, төлбөр төлсөн баримт зэргийг хуурамчаар үйлддэг гэж Солонгосын элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Солонгосын элчин сайдын яаманд сүүлийн нэг сарын хугацаанд 500 орчим хуурамч материал ирсэн байна. Зөвхөн нийгмийн даатгал төлсөн гэх лавлагааг жилд дунджаар 300 мянган иргэн авдаг юм. Цагдаагийн байгууллагаас хуурамч бичиг баримт үйлдсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир гадаадад зорчигч иргэдийг хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэхийг зөвлөлөө.

Эх сурвалж: udriintoim.mn

SHARE