Уул уурхайн эвдэрсэн талбайг сэргээхэд 1.6 их наяд төгрөг шаардлагатай

-Лиценз олголтыг зогсоохыг шаарджээ-

Ширгэсэн гол горхи, хөрс, усны бохирдлыг тооцохгүйгээр зөвхөн ухсан нүх, сэндийчсэн хөрсийг дүүргэж ургамалжуулахад 1.6 их наяд төгрөг шаардагдах тооцоог байгаль орчны мэргэжилтнүүд гаргажээ. Жил бүр улсын төсвөөс 100 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаанд гаргана гэсэн үг. Үнэндээ энэ нь уул уурхайн “гавьяа” юм. Эмх замбараагүй лиценз олголт, эргэж хянах тогтолцоогоо алдсаны үр дүн. Уул уурхайн хөрөнгө оруулалтыг татна гэсэн улсын бодлого байгаль орчинд ч тэр, нийгэмд ч үр нөлөө хамгийн муу байгааг иргэдийн амьжиргааны түвшингээс бэлэхнээ харж болно. Харин эсрэгээрээ авлига, ашиг сонирхлын зөрчил улам гаарсан.

Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд ашигт малтамын 3616 тусгай зөвшөөрлийг 1985 компани эзэмшиж байна. Үүний 1973 нь хайгуулын, 1643 нь ашиглалтын лиценз гэж байна. 2011-2016 онд олборлох салбараас улсын төсөвт жил бүр нэг их наяд орчим татварын орлого төвлөрүүлж байсан нь ойролцоогоор улсын төсвийн 20 хувийг эзэлж байв. Энэхүү орлогын 98 орчим хувийг Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын жил бүрийн нэгдсэн тайланд хамрагддаг 200-250 орчим компани л бүрдүүлдэг ажээ. Бүр тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” гэхэд нийт орлогын гуравны нэгийг, “Оюутолгой” төсөл 13 орчим хувийг гэх мэтээр 10 хүрэхгүй компани 80 орчим хувийг бүрдүүлж иржээ. Тэгвэл үлдсэн 1700 гаруй компанийн Монгол Улсад оруулж хувь нэмэр, гавьяа юу вэ?!

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны статистик мэдээллээр 2012 онд улсын хэмжээнд нийт тооллогын дүнгээс харахад 19 аймгийн 699 газар нутагт нөхөн сэргээлт хийлгүй орхисон газар даруй 42 556 га талбайд хүрсэн гэж байна. Энэ нөхцөл байдлыг бодитоор үнэлж, эмх замбараагүй лиценз олголтыг зогсоох шаардлагыг “Төлсөн авснаа нийтэл” эвслээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд саяхан хүргүүлжээ. Уг шаардлагад эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо эргэн харж стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудаа илүү үр дүнтэй ашиглахад төрийн бодлогыг чиглүүлэх, төрийн бодлогыг шинэчлэн батлах хүртэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түдгэлзүүлэхийг хүссэн байна. Мөн одоо хүчин төгөлдөр байгаа хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлд тавих хяналт хариуцлагыг сайжруулж хууль тогтоомж зөрчсөн байгаль орчны үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж баталсан “Алт-2” хөтөлбөрийг эргэн харж зохих үнэлгээ дүгнэлт тооцоо судалгаа хийж олон нийтээр хэлэлцүүлэх хүртэл хэрэгжилтийг түдгэлзүүлэхийг шаарджээ.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE