Шинээр байгуулагдсан мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг хүлээн авав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2018.05.03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилогдсон Ч.Хашчулуун, Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр нарыг Монголбанкны Ерөнхийлөгч  Н.Баяртсайхан газар хэлтсийн захирлуудын хамт хүлээн авлаа.

Нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 273 дугаар зүйлээр Мөнгөний бодлогын хороо байгуулах тухай зохицуулалтыг тусгасан ба үүгээр Мөнгөний бодлогын шийдвэрийг  Монголбанкны Ерөнхийлөгч давуу эрхтэйгээр гаргадаг байсныг өөрчилж, олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчимд шилжүүлснээр гишүүдийн оролцоо жигд хангагдахаар болж байна.

Хуульд зааснаар Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ.

Мөнгөний бодлогын хороо нь  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэж байх ба жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана. Монголбанкны Ерөнхийлөгч, эсхүл хорооны гурваас доошгүй гишүүн санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж байх юм. Мөн Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулж байхаар хуульд зохицуулжээ.

Чулуундоржийн Хашчулуун /Эдийн засгийн ухааны доктор/

Боловсрол:

1984-1989 | ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, улс төрийн эдийн засагч, багш,

1992-1994 | Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, аспирантурын бэлтгэл,

1994-1996 | Япон улсын Йокохама хотын Их Сургууль, эдийн засгийн магистр,

1996-2003 | Япон улсын Токиогийн Кейо Их Сургууль, эдийн засгийн ухааны доктор

Ажлын туршлага

1989-1992 | МУИС-ийн Эдийн засгийн факультетын эдийн засгийн онолын тэнхимд багш,

1998-2000 | Монгол улсын Засгийн газар, Японы ЖАЙКА-аас хамтран хэрэгжүүлж байсан “Монгол улсын дунд хугацааны хөгжлийн стратеги болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн зөвлөх,

2003-2004 | МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд эрдэм шинжилгээ хариуцсан орлогч захирал,

2004 | МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн захирал,

2006 | Монголбанкны Захирлуудын зөвлөлийн орон тооны бус гишүүн,

2008 | Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга,

2011 | Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн орон тооны бус гишүүн

Цэрэндоржийн Батсүх /Эдийн засгийн ухааны доктор/

Боловсрол: 

1987-1992 | МУИС-ийн Математикийн факультет – математикч /бакалавр/

1996-1998 | МУИС-ийн Аспирантур – Эдийн засгийн ухааны доктор

Ажлын туршлага

1992 | ШУА-ын Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан

1995 | МУИС-ийн ЭЗС-ийн мэдээлэлзүйн тэнхимд багш

1996 | МУЗГХЭГ-ын Гадаад зээл тусламжийг зохицуулах албанд мэргэжилтэн

1998 | ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтин

1998 | СЭЗДС-ийн Математик, мэдээлэлзүйн тэнхимд багш

2000| Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч, профессор

Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр /Эдийн засгийн ухааны магистр/

Боловсрол

1997-2001 | Улаанбаатар, Монгол Улс, МУИС-ийн Эдийн засгийн сургууль – Эдийн засгийн ухааны бакалавр

2005-2006 | Токио, Япон – Үндэсний бодлого, судлалын институт /GRIPS/ – төрийн удирдлагын  магистр

2013-2017 | Канберра, Австрали – Австралийн Үндэсний Их Сургууль, Бизнес Эдийн засгийн коллеж, Санхүүгийн Магистр

Ажлын Туршлага:

2001-2007 | Сангийн яам, Өрийн удирдлагын хэлтсийн гадаад дотоод зээл, Төрийн сангийн санхүүгийн удирдлага хариуцсан мэргэжилтэн

2007-2016 | Монголбанкны Төлбөрийн тэнцлийн судалгааны албаны ахлах эдийн засагч, Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, Судалгаа, статистикийн газрын захирал

2016/09 | Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн

2016/09 | УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх

SHARE