Овоо л битгий босго

Саяхан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө. Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ Монгол Улс өмнөх жилээсээ хоёр байраар ухарчээ. Энэ бол тааруухан дүн.

Бодит байдлыг харвал энэ харин ч наанатай гарсан байж мэдэхээр байгаа юм. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд мэдээллийн үнэ цэнэ гэдэг юм нам унасан.

Цахим сүлжээ, Зөрчлийн хууль гэдэг хоёр “олс” үүнд ихээхэн үүрэгтэй. 1990-ээд оноос хойшх дэлхий дахинд хөл тавьсан, улс орны нийгэм эдийн засгийн тасралтгүй өрнөсөн өөрчлөлтүүд, технологийн хурд гээд Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн даваа нугачаануудын нэгээхэн хэсэг нь энэ хоёр л доо.

Гэвч сэтгүүл зүй, энэ талбарт зүтгэж яваа нөхөд үүнийг даваад гарах нь дамжиггүй.

Харин яг өнөөдрийн цаг үед дээрх хоёрыг ашиглаж, өмнө хэлсэнчлэн мэдээллийн үнэ цэнийг алдагдуулах сонирхол улс төр, бизнесийн хүрээнийхэнд бат нягт суучихаад байна.

Цахим сүлжээнд мэргэжлийн бус, өөрсдийн хөлсний бичээч, жиргээчдийг “байршуулан”, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нийгмийг цочроох, эсвэл ямар нэг мэдээлэлд дархлаа тогтоох мэдээ дамжуулдаг ажиллагааг тэд мэргэжлийн төвшинд хийдэг болсон байна. Үүнийг нь олон нийт сэтгүүл зүйтэй хутган ойлгож, улмаар сэтгүүл зүйн нэр хүнд унадаг. Ийм л юм. Угтаа энэ л мэргэжлийн сэтгүүлчдээр дамжин нийтэд хүрэх ёстой ямар нэг мэдээллийн үнэ бодит чанар алдагдахад хүргээд байгаа хэрэг юм.

Хамгийн ноцтой нь нийтийн эрх ашгийг хөндсөн нууц мэдээлэл нь ил болохыг хааж, хэн нэгний хувийн амьдрал, бизнес, улс төрийн нэр хүндэд халдсан сенсацийг дээрх сүлжээний тусламжтайгаар нийгэмд түгээж аргацаадаг арга технологи хүртэл бий болоод байна. Ийм сүлжээ, технологийг өнөөдөр төрийн институци, улс төрийн намууд ашигладаг гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

Энэ бол явж явж Монголын нийгэмд эмх замбараагүй байдал л үүсгээд байгаа юм. Тэгэхээр дан ганц сэтгүүл зүйн салбарын асуудал биш.

Шуудхан хэлэхэд энэ мэт эмх замбараагүй байдал нь манай улстөрчид,  бизнесмэнүүд, тэр бүү хэл хууль хяналтын байгууллагынхантай ч холбоотойОвоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэсэн эртний цэцэн үг бий. Ер нь бол сэтгүүлч, сурвалжлагч нар гэдэг овоон дээр суудаг шаазгай л байхгүй юу.

Сүүлийн үеийн хэдэн жишээ дурдъя. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах, дүү нар Хотгор шанагын уурхайг солонгосчуудад зарсан гэж байна. Ах, дүү нарынх нь нэр устай баримт мэдээлэл хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр цацагдлаа. Энэ асуудал дээр Ч.Хүрэлбаатар өөрөө биечлэн оролцсон эсэхээс бусад нь ойлгомжтой байгааг ард түмэн харсан.

Хотын дарга Су.Батболд, түүний агентлагийн дарга нарын нэр ард нь бичигдсэн тендерийн жагсаалт бас цацагдсан. Хотын дарга эгч гэсэн тайлбар хүртэл зарим тендерийн ажлын ард харагдсан.

Анагаахын их сургуулийн захирал Г.Батбаатар шалгалт хийсэн аудитортай янз бүрийн юм ярьж, нөгөөх нь ерөнхий аудитортаа захиа хүртэл бичсэн нь хэвлэлүүдээр ил болсон.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хэний, ямар мөнгөөр, яаж худалдаж авсан бэ гэдгийг Монголын хууль хяналт эцэслэх л ёстой. Баримт материалуудыг нь аваад үзвэл ноцтой зүйл олон байгааг Ц.Нямдорж, Н.Алтанхуяг нарын улстөрчид хангалттай ярьж байна.

Бас тус үйлдвэрийн 51 хувийг тавьж туучих шахаад, баахан өрөнд оруулсан “Жаст”-ын Батхүүгийн асуудал, энэ асуудалд хамаатай хүн болгоныг шалгах л хэрэгтэй. Гурав хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, “…Би буруугүй” гэж энд тэнд яриад яваа “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг нар шалгуул л даа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэдэн жилийн өмнө холбогдоод байсан Төмөр замын хэрэг гэгч чухам яаж дууссаныг ард түмэн ойлгоогүй л байгаа.

Д.Оюунхорол, Н.Батцэрэг хоёр Байгаль орчны сайд байхдаа Богд уулын хавийг зараад үрчихсэн гэж үнэн юм уу. Улаанбаатарчууд үүнийг хамгийн их сонирхож байгаа.

Тавантолгойн ордоос 268 000 000 тонн нүүрс алга болсон гэж УИХ-ын гишүүн Л.Энхболд амаа цангатал ярьж явна. Энэ үнэн үү гэдгийг иргэд мэдэх эрхтэй.

Араас нь Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны хэрэг гээд цуварна.

Бас “Эрдэнэт”-д шахаа хийдэг, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг дамладаг гээд нэр бүхий улстөрчидтэй холбоотой барим тавим баримт дуулддаг. Бүр хэвлэлд ч гарч байсан.

Энэ мэтээр ярих юм бол баримт факт, мэдээлэл гэж тойм алга. Дандаа үрж дуусгасан, ууж идсэн гэсэн байдаг нь маш харамсалтай. Нэр холбогдсон хүмүүс нь дандаа нэр дэвшиж, санал гуйсаар Төрд морилсон эрхмүүд байдаг юм.

Тэгсэн атлаа баримт сэлт нь ил гараад ирэхээр нөгөөх Зөрчлийн хуулиараа, бас хуулийнхнаараа айлгах гэж үзнэ. Бас хэвлэлүүдээр “Би буруугүй” гэж гоншгононо.

Эцэст нь хэлэхэд, энэ бүхнийг сэтгүүлч зохиодоггүй юм. Энэ бол улстөрчид, бизнесмэнүүд, хууль хяналтынхан Та бүхний босгсон овоо шүү дээ.

Дахин хэлэхэд сэтгүүлч, сурвалжлагч нар бол овоон дээр л суудаг шаазгай байхгүй юу. Тиймээс овоо л битгий босго!

Тэгж гэмээнэ, улстөрчдийн зурагт радиогоор хүсэмжлэн яриаад байдаг мэргэжлийн сэтгүүл зүйн нэр хүнд, мэдээллийн үнэ цэнэ өснө. Хамгийн гол нь нийтийн хөрөнгийн хулгай арилж, Монгол минь цэвэршинэ, монголчууд хангалуун амьдрах үүд нээгдэнэ.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE