Гааль, НӨАТ-аа төлсөн мод, модон материал импортлогч аж ахуйн нэгжүүд татвараа буцаан авах нөхцөл бүрдлээ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.03) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар дүгнэлттэй танилцсанаар эхлэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцсэн байна. Тус тогтоолд, “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, …”, “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэж заасан  нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар үзэж  холбогдох дүгнэлт гаргажээ. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авлаа. 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуулийн төслийг батлахаар санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байсан юм.

Хүнсний шимт тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуультай болов

Монгол Улсын хүнсний бодлого хүн амд хэрэгцээтэй амин дэм, эрдсийг түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах замаар хүргэхэд чиглэсэн. Иймд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нараас Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, нийгмийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гаргах экспортлох эдийн засгийн ач холбогдолтой аж.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул  Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор санал хураав. 


Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 6 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хүнсийг баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох хүнс баяжуулалтын талаар хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв батлах, баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг агуулгатай хэсэгт заалт шинээр нэмж, 10 дугаар зүйлийг хасахаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн дээрх хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд, Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон захиргааны хэм, хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах, хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, холбогдох хуулиудад нэмэлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгохоор тусгасан байв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, Засгийн газраас хүнс баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихэд анхаарах шаардлагатайг анхааруулж байлаа. Ингээд “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. 

“Цахим бодлогын түр хороо”-ны гишүүдийг намын бүлгээрээ хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Цахим бодлогын түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан А.Ундраа, Ж.Мөнхбат нар Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авав. Гишүүдийн зүгээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд улмаар УИХ-ын даргын нэр дээр гишүүд хүсэлт ирүүлсэн тухай М.Энхболд дарга энэ үеэр онцлов.  Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ хэмээн заасан байдаг учир гишүүдийн тоог 13-19 байх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ Түр хороонд орох хүсэлт ирүүлсэн гишүүдийн тоо  20 гаруй байгаа тул  намуудын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай  байна гэж байлаа. Ингээд тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавхи бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн  Н.Учрал хуулийн төслөө татаж авав

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр чуулганы хуралдаан үргэлжлэв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын С.Бямбацогтын гаргасан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг суурь болгон хэлэлцэх, тогтоолыг ердийн журмаар дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн  Н.Учрал Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авсан байна. Ингэснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг хоёр тусад нь салгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгахаар болсон.  Оюуны өмчийн газрыг байгуулахад улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй юм байна. Иймд уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь  Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд  Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын “мөрдөх алба” гэсний дараах “тахар” гэснийг хасахаар тусгасан бөгөөд ингэснээр Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгана гэж төсөл санаачлагч гишүүн үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж хариулт авсны дараа Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гурван гишүүнийг томиллоо

 Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдэд Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай 27,3 дугаар зүлийн 1 дэх хэсгийг нэмж оруулсан аж. Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эдийн засгийн Байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан аж.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нэр дэвшигчдийг сонгохдоо Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байна гэж байлаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай гэсэн шалгууруудыг тус тус хангажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, хариулт авсаны  зэрэгцээ орон тооны бус гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ингээд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Ц.Батсүх, эдийн засгийн магистр Ц.Мөнхбаяр нь нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Аж ахуйн нэгжүүдэд гааль болон НӨАТ-ыг буцаан олгох санал дэмжигдэв

Үргэлжлүүлэн  Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлүүлгийг тус тус хийв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Батнасан, Б.Баттөмөр, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат хуулийн төслүүдэд “2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг хийнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал нэмж тусгахыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тус тус дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Ойн нөөцөө хамгаалж, түлшний модыг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх шаардлагатай” гэсэн горимын санал гаргаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт тусгах саналаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гигшүүн Ж.Мөнхбатын санал дэмжигдсэнээр ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан олгох нөхцөл бүрдэв.

Тогтоолын төслийг хүчингүй болгож, дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг асуудлыг 2018 оны 05 дугаар сарын хуралдаанаараа хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна. 

Чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив. Тогтоолын төсөл батлагдсанаар “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 1998 оны 05 сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор боллоо.

Хуралдааны төгсгөлд  Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжсэн. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд тус тус оруулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

SHARE