Осама Бен Ладеныг илчилсэн пакистан эмчийг оргуулах АНУ-ын оролдлого бүтэлгүйтжээ

АНУ-ын тусгай албадын “Аль Кайда” террорист бүлэглэлийн удирдагч Осама Бен Ладеныг устгахад тусалсан Пакистаны эмч Шакила Афридиг Пешавар дахь шоронгоос оргуулах оролдлого бүтэлгүйтсэн тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.  АНУ-ын тусгай албадын ажиллагааг Пакистаны Салбар хоорондын тагнуулын газар таслан зогсоож, хоригдлыг өөр шорон руу шилжүүлжээ.  “РИА Новости” агентлагийн эх сурвалжийн хэлснээр, АНУ, Пакистаны тагнуулын албадад давхар ажилладаг нэгэн мэдээлэгч Шакила Афридиг оргуулах төлөвлөгөөг Пакистаны талд өгсөн аж.

Шакила Африди нь 2011 онд АНУ-ын Тагнуулын төв газрын даалгавраар ажиллан Осама Бен Ладены нуугдаж байсан байшингийн эзэн Абу Ахмед Аль Кувейтигийн утасны дугаарыг мэдэж аваад АНУ-ын талд мэдээлсэн гэдэг. Харин мөн оны тавдугаар сарын 2-нд АНУ-ын тусгай албад Пакистаны Абботабад хот дахь шилтгээн рүү дайрч орон Осама Бен Ладеныг устгасан билээ.

Пакистаны шүүх Шакила Афридиг гадаадын тагнуулч хэмээн үзэж түүнд 33 жилийн хорих ял оноосон ч хожим хорих хугацааг 10 жил болтол багасгажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

хуваалцах