Л.Ганболд: Газар нутгаа зуун хувь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан анхны аймаг боллоо

Хөвсгөл аймаг газрын цэнхэр нүдэн болсон Хөвсгөл нуур, Хорьдол Сарьдагийн нуруу, Дархадын цэнхэр хотгор, Монгол шарын даваа зэрэг онгон дагшин үзэсгэлэн төгс байгалиас бүрдсэн хөвч хангай, уул усны орон юм. Энэ л нутаг усаа хайрлан хамгаалж үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор 2008 оноос эхлэн үе үеийн удирдлагууд, төрийн байгууллагынхан бодлого шийдвэртээ тусган ажилласны үр дүнд 10 жилийн дараа газар нутгаа 100 хувь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан түүхэн шийдвэр гаргасан  анхны загвар аймаг боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд онцолж байлаа. Энэ тухай Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоос тодрууллаа.

-Аймгийн ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаанаар 50-р өргөрөгөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Гол ач холбогдол нь юу вэ ?

 

-Өнгөрсөн 7 хоногт хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаанаар Хөвсгөл аймгийн газар нутгийн 50 дугаар өргөрөгөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг учраас бид аялал жуулчлалыг хөгжүүлэх болох зорилтын хүрээнд 2009 онд анх аймгийн 50 дугаар өргөрөгөөс хойш газар нутгийг аймгийн ИТХ-ын  хуралдаанаар орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилээр авч, энэ шийдвэрээ 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан. Харин энэ удаа эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтанд авч чадлаа. Энэхүү түүхэн шийдвэр нь олон жилийн турш буюу 2008 оноос эхэлж үе үеийн удирдлагууд урт хугацааны бодлогын түвшинд ярьж хэлж, төлөвлөж, тооцоо судалгаа гаргаж хэрэгжүүлж ирсний үр дүнд 10 жилийн дараа Хөвсгөлчүүд бид газар нутгаа 100 хувь орон нутгийн тусгай хамгаалалтад  авах боломж бүрдсэнд аймгийн Засаг даргын хувьд баяртай байна. Энэ хугацаанд нутаг усаа хайрлан хамгаалахын төлөө олон жил тууштай ажилласан үе үеийн удирдлагууд болон хамтран ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Энэхүү шийдвэрийг гаргахад Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засгийн талаарх тооцоо судалгаа, 2030 он хүртэлх бодлого төлөвлөлт, хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого шийдвэр зэргийг уялдуулсан.

 

– Таны мөрийн хөтөлбөрт “Уул уурхайгүй аймаг болно” гэж тусгасан байдаг. Хэдийгээр газар нутгаа 100 хувь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан боловч одоо олгоод байгаа хайгуулын лиценз, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг яах вэ?.

 

-Тиймээ. Миний 2016-2020  оны хооронд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Уул уурхайгүй аймаг болно” гэж тусгагдсаны дагуу энэ шийдвэрүүд гарч байгаа гэж хэлж болно. Газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтанд авснаар ашигт малтмалын хайгуул олборлолт хийгдэхгүй, нутгийн иргэд газар нутгаа хамгаалж ашгаа хүртэх боломж бүрдэж байгаа юмаа. Хууль ёсны олгогдчихсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэхэд аймаг тодорхой бодлого чиглэлийг барина. Гэхдээ өмнөх хугацаанд аймаг орон нутгийн зөвшөөрөлгүй хууль бусаар олгогдсон гэж яригдаж байгаа хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг аймгийн зүгээс цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэн өгч ажиллаж байна. Аялал жуулчлалаа хөгжүүлэн уул уурхайгүй аймаг болох зорилтын хүрээнд 2020 он гэхэд Хөвсгөл аймаг хайгуулын лицензгүй болно. Манай аймагт 2001 оноос  хойш 2009 он хүртэл ашигт малтмалын хайгуулын 246 лиценз олгогдсон байна. Харин 2009 олгогдсон бол 2008 оноос өмнө хэзээ олгогдсон нь тодорхой бус 118 лиценз байсан. Өнөөдрийн байдлаар нийт олгогдсон 246 лицензийн хугацаа дуусч цуцлагдсанаар 7 лиценз үлдсэн, хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2020 оны 4 сарын 20-нд дуусна. Харин Хөвсгөл аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөл 28 олгогдсон, өнөөдрийн байдлаар 20 лиценз хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр байна. Уул уурхайгүй аймаг  болох бодлогын хүрээнд олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, цааш нь сунгахгүй байх зорилгоор л экологийн чухал ач холбогдолтой газруудаа зуун хувь орон нутгийн хамгаалалтад авч байгаа анхны загвар аймаг болж байна.

– Уучлаарай зарим цахим мэдээлэл /Facebook/ зарим нэг төрийн бус байгууллагын шахалт шаардлагаар энэхүү шийдвэр гаргалаа гэж байсан. Энэ тал дээр тодруулбал…
-Өнөөдөр хийж бүтээж буй ажлыг харлуулах гэсэн үгүйсгэх гэсэн мэдээ, мэдээлэл цахим сүлжээгээр явж байгаад харамсч байна. Энэ худал мэдээлэлд иргэдийг автахгүй байхыг хүсье. Энэ бол Хөвсгөл аймгийг муу, муухай харагдуулах гэсэн дотор нь хагаралдуулах гэсэн, эрх ашгийн сонирхолтой цөөн хэдэн хүний увайгүй явуулга. Удаа дараа ингэж худал мэдээлэл цацах юм бол хуулийн байгууллагад хандах болно. Орон нутгийн тусгай хамгаалалтад газар нутгаа авсан асуудал нь хэн нэгний захиалга, ямар нэгэн төрийн бус байгууллагын албан шаардлага, шахалтаар бус 10 жилийн хугацаанд бодлого, хөгжил, төлөвлөлтийн хүрээнд хийсэн  ажил гэдгийг дахин хэлмээр байна. Бидний өнөөдрийн гаргаж буй шийдвэр бодлого бол хэн нэгний захиалга, дарамт шахалтаар бус хоймор нутгийн 132 мянган иргэдийн таашаалд нийцсэн Хөвсгөл аймгийн өмнөх он жилүүдийн бодлого төлөвлөлтөнд тусгасан шийдвэрийг хэрэгжүүлж байгаа явдал юм. Миний хувьд Хөвсгөлчүүдийн өмнө хийх үүргээ гүйцэтгэж байгаа, амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Хөвсгөл аймгийн ойрын болон алс хэтийн хөгжлийн бодлогод суурилсан бүхий л ажлыг цаг хугацаанд нь хийж хэрэгжүүлж байна. Энэхүү  шийдвэрийг Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд хамтарч санал нэгдэж гаргасан нь бидний хөгжлийн бодлого зорилго нэг байгааг  харуулж байна. Бид Хөвсгөл нутгаа хөгжүүлэхийн төлөө цаашид ч хамтран ажиллах болно.

– За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
 

Б.Гантуяа 
SHARE