Аманда Сейфрид: Бүтээсэн дүр бүр ямар нэг хэмжээгээр жүжигчний нэгэн хэсэг болж үлддэг

Аманда Сейфридийг Холливудын хамгийн нуугдмал хувийн амьдралтай жүжигчдийн нэг гэж үздэг. Тэрээр нөхрийнхөө хамт Гузон мөрний эрэг дэх бөглүү эдлэн газартаа охиноо өсгөн хүмүүжүүлж, олны нүдэнд өртөлгүй тааваараа амьдрах дуртай аж.

Он гараад түүний тоглосон “Гринго” кино дэлгэцнээ гарсан билээ. Тус кинонд Аманда Сейфрид хар тамхины гэмт хэрэгт санаандгүй татан оролцдог итгэмтгий бүсгүй Саннигийн дүрийг бүтээжээ. Түүний “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.  

-Инээдмийн тулаантай “Гринго” кино таны сонирхлыг чухам юугаар татсан бол? Та энэ киноны гол дүрд тоглоогүй шүү дээ?

-Би кино зохиолыг уншихаасаа ч өмнө тоглоно гэдгээ зөвшөөрсөн юм. Учир нь тус киног Нэш Эдгертон найруулсан. Би түүнтэй 2015 оноос дотно харилцаатай л даа. Би түүнтэй Санта Фе хотноо тус тусын кино төслүүд дээр ажиллаж байхдаа танилцаад шууд л хэл амаа ололцож, олон зүйл дээр санал нэгддэгээ мэдэлцэж билээ. Иймд Нэш шинэ кинонд нь тоглох уу гэж асуухад шууд л зөвшөөрсөн.

-Ямар гээч кино авах гэж буйг мэдээгүй хэрнээ зөвшөөрсөн хэрэг үү?

-Харин тэгсэн. Аз болж дүр маань надад үнэхээр тохирсон байлаа. Саннигийн дүрийг надаас хуулж бичсэн юм шиг санагдсан шүү. Нэш үнэхээр тэгж бичсэн гэж байна лээ. (Инээв)

-Үнэхээр дүрдээ орж чадсан гэж харагдсан. Та нэгэнтээ өөрөөсөө илүү өөдрөг дүр бүтээх дуртай гэж байсан?

-Бүтээсэн дүр бүр ямар нэг хэмжээгээр жүжигчний нэгэн хэсэг болж үлддэг гэж би боддог. Санни надад итгэмтгий зан чанар, өөдрөг сэтгэлээрээ таалагдсан шүү. Санни зөөлөн сэтгэлтэй тул энэ нь түүнд элдэв бэрхшээл үүсгэнэ. Хэдий тийм ч би Санниг маш сайн хүн гэж үзсэн. Би охиноо Санни шиг хорвоо дэлхий, хүмүүст нээлттэй, амиа хичээгээгүй хүн болоосой гэж ихэд хүсч байна. Тэгж амьдарвал хорвоо маш өнгөлөг харагдана шүү дээ. Би ч эхэндээ итгэмтгий хүн байлаа. Харин нас ахих тусам юу нь сайн, юу нь муу гэдгийг ялгаж салгадагтайгаа болдог юм билээ.

-Харин одоо та илүү гутранги үзэлтэй болсон гэсэн үг үү?

-Би зүгээр л хэт итгэмтгий биш болсон ч өөдрөг үзэлтэй хэвээрээ шүү. (Инээв)

-“Гринго” киноны үйл явдал Мексикт болдог. Зураг авалтыг ч тэнд авсан уу?

-Тийм. Мехикод, бас Веракруст. Мехико бол үнэхээр гайхамшигтай хот. Харин нь Мексикийн булангийн эрэгт орших Веракруст ус нь агаараас ч халуун юм шиг санагдсан. Гэхдээ хот нь үнэхээр үзэсгэлэнтэй шүү.

-Зураг авалтад оролцон дэлхийгээр хэрэн хэсэх шаардлага тулгардгийг та юу гэж үздэг вэ. Гэрээ санадаг уу?

-Охиноо төрүүлсний дараа би Хорватад “Маmmа MIA” киноны үргэлжлэлийн зураг авалтад явахад хүрсэн юм. Тэгэхэд би, “Там руу очих нь” гэж л бодсон. Нөхөр маань маш их ажилтай байсан тул охин бид хоёртой хамт явж чадаагүй юм. Би зургаан сартай охинтойгоо эмнэлэг ч байхгүй зэлүүд арал руу ниссэн юм шүү дээ. Явахдаа шаардлагатай бүхнээ авахад долоон чемодан болсон доо. Амаргүй байсан ч тэр зураг авалт надад маш том хичээл, сургамж болсон шүү.

Тийм ээ, би гэрийн ая туханд дуртай. Гэхдээ өөр газар хэсэгхэн зуур амьдрах ямар сайхан гээч. “Дараа сард та Япон руу явах шаардлагатай” гэхэд би эхэндээ, “15 цагийн турш ниснэ гэсэн үг үү?” гэж дурамжхан байдаг ч зорьсон газраа очоод орчноо сольсондоо маш их баярладаг юм.

-“Маmmа MIA” киноны зураг авалтын үеэр “АВВА”-гийн дахин нэг дуу дуулахыг тэвчихгүй нь гэсэн сэтгэгдэл төрж байсан уу?

-Тэгж залхах тохиолдол байсан уу гэвэл байсан. Би чинь хоёрын хоёр “Маmmа MIA”-д тоглосон хүн. Гэхдээ энэ кинонд тоглох үнэхээр хөгжилтэй байсан шүү. Дээр нь “Маmmа MIA” олон улсын хит кино. Ийм том төсөлд оролцсоныхоо дараа театрын жүжиг юм уу бие даасан жижиг кинонд ч хүчээ сорих боломжтой болдог юм. Санхүүгийн хувьд нэлээд бэхждэг учир л тэр.

Жүжигчний хувьд эрх чөлөөтэй болохын тулд би комик цуврал дээр үндэслэсэн супер баатруудын тухай блокбастер кинонд тоглоход хүрээгүй би харин ч азтай. Би тийм супер баатруудтай кинонд хэзээ ч тоглохгүй гэж нэгэн цагт өөртөө тангарагласан удаатай л даа. Иймд “Маmmа MIA”-гийн ачаар амьдрал маань сайхан гольдролд орсон юм.

-“Гринго” кино руу эргэн ороход, энэ кино хүнийг юунд сургах бол?

-Миний бодлоор энэ киноны гол санаа, сургамж гэвэл, “Ямагт өөрөөрөө бай. Өөр хүн болж харагдахыг бүү хичээ. Өөрийн давуу, сул талуудаа хүлээн зөвшөөрч өөрийн замналаа хөө” гэсэн гурван өгүүлбэт багтана. Би үүнийг охиндоо ч ойлгуулахыг хичээдэг юм. (Инээв)

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE