Амарболд генерал

Залуухан офицер алтан мөрдэс гардаж утга, учрыг нь нарийн ухаж ойлголгүй, хэзээ хойно ажиллаад ирэхээрээгенерал цолныхоо өндөр нэр хүнд, хариуцлагыгухаарсан тухай Ч.Амарболд генерал яриа болгондоо хуучлах. Одоо бол тэрээр албаныхандаа төдийгүй ард түмний дунд хошууч генерал Ч.Амарболд нэрээр нэгэнт хоногшиж, хийсэн үйл, байгуулсан гавьяа, алдар нэр нь цагдаагийн байгууллагын түүхийн жимийн нэгэн тод мөр болжээ.

Аль ч байгууллагын түүхийн хуудас бүр шинэ, тухайн цаг үе нь онцлогтой. Цагдаа ч тэр. Ч.Амарболд генералын удирдаж байсан он жилүүд бүр ч онцлог гэж одоо эргэж бодоход хүргэнэ. Онцлог гэдгийг “Амаргүй цаг үе” гэж энэ удаад хэрэглэе.

1990-ээд он. НАХЯ-ны салбар нэгж байсан Цагдан сэргийлэх байгууллага биеэ даан,тусдаа хууль журамтай болж эхэлсэн он жилүүд. Яг энэ шилжилтийн үед цагдаагийн бие бүрэлдэхүүн “эцэг” Б.Пүрэвээс Ч.Амарболд генералын удирдлагад шилжиж байжээ. Ирээдүйн цагдаа ямар байхыг “зурах” түүхийн шинэ хуудас түүний өмнө нээгдсэн хэрэг. Мэдээж амаргүй. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг шинэ зохион байгуулалтад оруулах, орчин үетэйгээ хөл нийлүүлэх, ард түмний амар тайван байдлыг хангах үүргээ шуурхай, нэр төртэй биелүүлэх, ингэхдээ цагдаа нь өөрөө зүтгэлтэй, сэтгэлтэй ажиллахад юу хэрэгтэйг шинэхэн дарга төлөвлөхөд хүрчээ.

Түүний төлөвлөгөөний чухал хэсэг нь цагдаа нар үүргээ түргэн, шуурхай гүйцэтгэхийн тулд ард түмний дунд орох явдал байв. Яг ийм систем Япон, Сингапур гээд Азийн бар орнууд үлгэр жишээ хэрэгжүүлж байсныг тухайн үед Олон улсын цагдаагийн дарга нарын холбоо, Интерполын чиглэлээр мэдээлэл авч судалж эхэлжээ. Мэдээж Монголд нэвтрүүлэх шаардлагатай систем болохыг бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрч, кобан систем буюу “Хэсгийн цагдаа” үүсчээ. Одоо ч цагдаагийн кобан жил бүр нэмэгдсээр, тэр хэрээр цагдаагийн байгууллагын үйлчилгээ орон даяар иргэдэд шуурхай хүрсээр байгаа.

Гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй зогсоох, иргэдийн амар тайван байдлыг хангах нэн тэргүүний үүргийг гүйцэтгэхэд том бүтэц тогтолцоо шаардлагатай. Үүний тулд зөвхөн кобан систем нэвтрүүлээд зогсохгүй хөдөлгөөнт эргүүлийг шинээр бий болгосон үе Ч.Амарболд генералын ажлын нэг хэсэг байлаа. Тухайн нутаг дэвсгэрийг бага багаар хувааж, нэг нэг эргүүлийн нэгжид харъяалуулснаар цагдаагийн дуудлага 3-5 минутад обьектод хүрдэг болсныг энд цохон тэмдэглэх хэрэгтэй. Ч.Амарболд генералын ажлын түүх аль ч үедээ сонин, албандаа элэгтэй байсныг харж болно. ЦЕГ-ын даргын албыг хүлээж авахаас өмнө тус газрын дэд дарга буюу Нийслэлийн цагдаагийн газрын дарга байхдаа тэрээр бие бүрэлдэхүүнээ өвлийн малгайгаар хангахын тулд өөрөө ганзагын наймаа хийж явсан гэвэл итгэх хүн цөөхөн. Гэвч энэ түүх цагдаа бүрийн сонсох дуртай, цааш бахархан ярьдаг түүх болсныг сонсоход таатай. Цагдаа нарыг өвөл өмсөх малгайгаар хангах гэтэл санхүү дутаж, мөнгө олохын тулд  залуу хошууч Ч.Амарболд Манжуураас куртка зөөж Читагийн зах дээр аваачин зарчихаад, цагдаа нарынхаа өвлийн бэлтгэлийг базааж байсан ажээ. Үлдсэн мөнгөө санхүүдээ тушаачихсан гэх. Удирдлага гэхээс илүү жинхэнэ эр хүний чанар гэж энэ дээ.

Ч.Амарболд генерал Монголын цагдааг гурвантаа удирдсан түүхтэй. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын шинэчлэлээс гадна онц ноцтой хэргүүдийн шалгалт, илрүүлэлтийг зөв зохион байгуулахад удирдлага хүнээс авьяас чадвар шаардсан нь гарцаагүй. “Ми-8”-ын ослын дараах авран хайх ажиллагаа, Авдрантын хоригдлууд оргож хүн барьцаалсан хэрэг, Марз уулын осол зэрэг нийгмийг цочроосон хэргүүдэд бие бүрэлдэхүүнээ удирдаж ажилласан билээ. Монголын цагдаад 18 настайгаасаа зүтгэж, энэ байгууллагыг гурвантаа удирдсан түүхэн хугацаанд болсон явдлыг энд дурдаад барахгүй. Дөнгөж зах зухаас нь дурьдахад дээрх. Ямартаа ч энэ албаныхны бахархал, бахдал болсон хуруу дарам цөөхөн хүний нэг гэдэгтэй маргах хүн үгүй.

Ч.Амарболд генерал Монгол Улсын 112 дахь генерал. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул. Гурван үеэрээ цэрэг, цагдаагийн албатай холбогддог юм билээ. Хал үзээгүй 18-хан настай хүүд алхаж, ёслож, илтгэхээс эхлээд цагдаа хүний төлөвшлийг суулгасан ахмад үе, өөрийнх нь бие бүрэлдэхүүнд ажиллаж байсан нийт хамт олонд байнга талархан ёсолж байдгаа тэрээр хуучилсан байдаг. Цагдаагийн алба амаргүй. Амаргүй албыг удирдах бүр ч амаргүй. Нэг насаа зориулсэн зүтгэлийнхээ хариуд тэрээр хэцүү нэртийн хаалгыг багагүй хугацаанд татаад амжсан. Өнөөдөр ч маргаантай, эцэслэж шийдэгдээгүй, Монголын улс төрийн хар сүүдэр цагдаа хүчний байгууллагад туссаны гашуун сургамж, хар өдөр 2008 оны долдугаар сарын 1-ний золиосонд тэрээр эрх чөлөөгөө хасуулсан нь багадаагүй ажээ. Генерал цолоо хураалгах хар мэдээтэй энэ өдрүүд үргэлжилж байна.

Монголын төр зүтгэсэндээ халтай гэдэг. Түмний хэлснээртэрээр цолоо хураалгасан ч алба хаагчдынхаа дунд, ард түмний дунд жинхэнэ “Амарболд генерал”-аараа үлдэнэ ээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE