Ерөнхийлөгч албан ёсоор бүрэн эрхээсээ татгалзаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч. Энэ улсын сайн, муу аль ч түүхэнд алдар нь үлдэх хүндтэй хийгээд хариуцлагатай алба. Бүх ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг юм. Тэгвэл энэ үүргээ хэрхэн биелүүлж чадаж байгаа вэ гэдгийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгаас асуух шаардлага зүй ёсоор хэдэнтээ тулгараад байна. Энэ нь зөвхөн сэтгүүлч миний асуулт ч бус, нийт биш юм аа гэхэд нэлээд хувь монголчуудын эргэлзэж эхэлсэн сэдэв.

Дэлхийн улсууд өрсөлдөн зорьдог, тусгаар улсаа олон улсын анхаарлын төвд байлгахыг хичээдэг НҮБ-ын Ассамблейн хурлаас татгалзсан шийдвэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэхэд монголчууд хуваагдаж маргалдсан. Энэрэнгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлоохын төлөө дэлхий нийтээрээ нэгдэн цаазын ялыг халчихаад байхад Монгол Улс л ганцаар ухарч, энэ ялыг сэргээх саналыг гаргасан нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн хоёр дахь дуулиант шийдвэр. Бас л нийгэмд маргаан дагуулсан нь өнөө ч үргэлжилж буй.

Аливаа зүйлд хэмжээ, хязгаар гэж бий. Тэр тусмаа төрт улсын тэргүүний алхам, хэл, яриа, үйлдэл бүр хуулиа мөрдсөн, эв эеийг сахиулсан байхыг энэ сэнтий шаардана. Тэгвэл түүний хамгийн сүүлд ар, араасаа зэрэг шахам гаргасан санаачилга өмнөх шийдвэрүүдээс нь ч илүүгээр олон нийтийг талцуулах шинжтэй болоод явчихлаа. Эхнийх нь генералуудын цолыг хураасан явдал. Ялангуяа цагдаагийн байгууллагын түүхэнд нэр, төртэйгээр албаа удирдаж явсан, албаныхаа дунд амьд домог болсон хүмүүсийн цолыг хураасан нь Ерөнхийлөгчийг өш хонзонгийн сэдлээр хийсэн үйлдэл гэж тайлбарлах хэсэг байна. Харин нөгөө талд шүүхээс ял сонссон хүмүүс ийм шийтгэлийг хүртэх эрхтэй гэж дэмжих хэсэг ч байна. За яахав, гурван хүний асуудал. Цаг хугацаа энэ шийдвэрийн үнэн мөнийг харуулах биз гээд орхиж болох. Харин орхиж болохгүй, дэмжиж болохгүй, хуулиа бүдүүлгээр зөрчсөн гэж нийт масс үзэж байгаа сүүлийн шийдвэр нь Авлигатай тэмцэх газрын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгох тухай юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ тухай мэдэгдэж, Тамгын газрын цахим сайтаар санал асуулга эхэлснийг зарлалаа. Нэр дэвшиж буй хүмүүсийн нэр ч цахим сүлжээнд эхнээсээ тодорч байгаа янзтай. АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгох нь зөв гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Аль нэг намын захиалгаар сонгогддог, сонгогдсон хойноо тухайн намынхаа заавраар ажилладаг гэх олны хардлагыг цэглэсэн үйлдэл гэж зөвтгөсөн ойлголт тэднийх. Гэхдээ нэг зүйлийг анхаарах учиртай. Санал асуулгаар сонгогддог, сонгогддоггүй албан тушаал гэж бий. Тэр тусмаа хууль сахиулах тусгай субьектын албаны үйл ажиллагаа, удирдлагын сонголт мэргэжлийн түвшинд хийгдэх учиртай. Хууль сахиулах албанд мэргэшсэн чадварлаг офицер бүрэлдэхүүн Монгол Улсад хангалттай бий.

Гэтэл олон нийтийн хайрыг “татсан” хүмүүс энэ албанд томилогдволтэдгээр офицер бүрэлдэхүүн төдийгүй Монгол Улсын хууль сахиулах байгууллагын мянга, мянган албан хаагчдыгдоромжилсон хэрэг болно. АТГ-ын даргыг сонгох тусгай хууль, журам нь бэлэхнээ байна. Олон нийт энэ албанд Г.Баасан, Г.Уянга, З.Энхболд нарын аль нэг нь хамгийн тохиромжтой гэж “үзэж” байна. Ингээд л санал асуулгаар бүхнийг шийдчихдэг бол хууль, журам, хуулийг сахиулдаг байгууллага, тусгай субьектын алба гэж байсны хэрэггүй. Хэн дуртай нь хэнийг ч хамаагүй хүссэн албандаа суулгаад байвал тайван нийгэм цогцлох уу.

Өмнөх Ерөнхийлөгч нь энэ хууль журмынхаа дагуу АТГ-ын удирдлагыг сонгож, УИХ-д санал болгоод ирсэн. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч хуулиас өөдөөс тэс хөндлөн алхаж, олон нийт, сонгогчидтойгоо хамт шийдвэрлэх нэрээр попрох санаа гэж андуурлаа. Хэрэв нээрээ л ингэж олон нийтийн саналаар шийдчихэж болдог юм бол Ерөнхийлөгчийн оролцоо гэж байх шаардлагагүй. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг сонгох шаардлагагүй, Ерөнхий прокурорыг томилох шаардлагагүй, шүүгчдийг ч томилох шаардлагагүй, хууль санаачлах ч шаардлагагүй. Үнэндээ энэ шийдвэр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзсан алхам болж орхилоо. Бүр намчирхаж яривал, эсрэг намынхаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн ажиллагаа болж, өөрөө өөртөө хавх тавьчихав уу гэж харж болох. МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг орон даяар хэлэлцүүлж, түүн дотор нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах заалтыг оруулаад байгаа билээ.

Ерөнхийлөгч маань юу л хийгээд байна даа?!

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE