“Султан” Салах бүхий “Ливерпуль”-д бутниргүүлсэн ч “Рома” амьд үлдэж чадлаа

 

Хөлбөмбөгийн “Султан” гэж өргөмжлөмөөр “Ливерпуль”-ийн египет довтлогч Мохаммед Салах “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд болсон Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод “Рома”-гийн хаалганд хоёр гоол оруулж дубль хийгээд зогсолгүй Мане, Роберту Фирмину нарт гоолын дамжуулалт өгөн яалт ч үгүй тус тоглолтын шилдэг тоглогч байлаа.

Шөвгийн наймд “Манчестер Сити”-г тоглолтын эхнээс л талбайтай тэгшилж байсан “Ливерпуль” энэ удаа огт өөр тактик хэрэглэсэн. Лут стратегич болсон дасгалжуулагч Юрген Клоппын баг эхний хорин минутад тогтуун тоглож санаачлагыг зочин багт өгөн тэднийг урьхидан битүү хамгаалалтаа задлан довтлуулсан гэлтэй.

Улмаар турбо хөдөлгүүрээ асаан тэр эрчиндээ “Рома”-гийн хаалганд тавын таван гоол шигтгэн 70 дахь минут гэхэд өрсөлдөгчөө үндсэндээ бүрэн устгаад байлаа. Гэвч хэт хурдан эрчтэй хөлбөмбөг үзүүлсэн “Ливерпуль” тоглолтын сүүл рүү сууж эхлэн өөрийн хаалгандаа хоёр гоол алдсан.

Өмнөх тойрогт “Рома” алдарт “Барселона”-д 4:1-ээр хожигдоод гайхалтай эргэн эрэлт хийн талбай дээрээ дэлхийн шилдэг багуудын нэгийг 3:0-ээр буулган авсныг ч санах хэрэгтэй.

Юутай ч “Энфилд”-ийн ногоон талбайд “Рома” бутниргүүлсэн ч амьд үлдэж чадан хариу тоглолтод даагаа нэхэх боломжоо бүрэн алдсангүй. Хариу тоглолт Ромд тавдугаар сарын 2-нд болно.

“ЛИВЕРПУЛЬ” – “РОМА” – 5:2 (2:0)

Гоолууд: Салах, 36 (1:0). Салах, 45+1 (2:0). Мане, 56 (3:0). Роберту Фирмину, 61 (4:0). Роберту Фирмину, 69 (5:0). Джеко, 81 (5:1). Перотти, 85 – пеналти (5:2).

“Ливерпуль” (Англи): Кариус, Александр-Арнолд, Ван Дейк, Ловрен, Робертсон, Милнер, Хендерсон, Окслейд-Чемберлен (Вайналдум, 18), Салах (Ингс, 75), Роберту Фирмину (Клаван, 90+3), Мане.

“Рома” (Итали): Алиссон, Жуан Жезус (Гоналон, 67), Манолас, Фасио, Флоренци, Стротман, Де Росси (Перотти, 67), Наингголан, Женгиз Ундер (Шик, 46), Коларов, Джеко.

Сануулга: Жуан Жезус, 26. Александр-Арнолд, 39. Ловрен, 74. Хендерсон, 85. Фасио, 88.

Шүүгч: Брих (Герман).

Ливерпуль. “Энфилд” стадион.

 

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE