Д.Зоригт: Хүн бүр нийгмийн даатгалын дэвтрээ харахад Оюутолгойн гэрээ ямар болсныг хангалттай ойлгоно

С.Баярын Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт 2018 оны гуравдугаар сарын 21-нд цахим хуудастаа Оюутолгойн гэрээний талаар бичжээ. Тэрээр 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд “хамгийн том” гарын үсгийг зурсан байдаг. Мөн тэр үед Рио Тинто компанитай гэрээний нөхцөлийг харицан тохиролцох ажлын хэсгийн ахлагч байсан юм.

Тэрээр “…Оюутолгойн гэрээг хийсний дараа миний хөрөнгө огцом нэмэгдсэн гэж сая Б.Жаргалсайхан гэж хүн бичжээ. Хөрөнгө оруулгын мэдүүлгийг нь олоод харчихаж гэнээ. Б.Жаргалсайхан гэж хүн намайг Монголын тэргүүн баян Дашзэвэгийн Зоригттой мэдэн будлиад байна. Адилхан Их Хурлын гишүүн бас тэгээд адилхан Эрчим хүчний сайд хийж байсан болохоор тэр хүнтэй намайг байнга л андуурч бичдэг. Бүр нэг модельтэй суугаад хүүхэд гаргасан гэж хүртэл андуурч бичиж байсан.

Харин миний хувьд тухайн үеийн хөрөнгө оруулгын мэдээлэл нээлттэй байгаа. Б.Жаргалсайханы яриад байгаа шиг юм ОГТ байхгүй. Амьдарч байсан байрандаа л амьдарч, унаж байсан машинаа л унаж, бусдын адилаар бизнес хийх гээд л явж байна. Итгэхэд хэцүү байх, тэгэхдээ бодит үнэн.

Б.Жаргалсайхан бол энийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Андуурсан биш зориуд хутгаж байгаа. Бодвол ингээд бичээд байвал өөрсдийнх нь асуудал цайрах шүү юм болно гэж боддог биз. АН-ын засаглалын үед Хөгжлийн банкнаас тараасан олон сая доллараа яагаад эргэж төлөхгүй байгаа гээд олон асуудлаа ярина биз. Ер нь тэгээд бусдыг дандаа өөр шигээ бодоод байдаг бол эндүүрэл. Өөр шиг хувь хувьсгалаа ялгадаггүй хүмүүс дандаа байдаг гэж боддог бол бүр том эндүүрэл. Улстөр хиймээр байгаа бол өөрөөсөө эхлэх хэрэгтэй.

Ер нь хүмүүс тэгээд дандаа хамгийн муу юманд итгэхийн хүсдэг, дандаа л муу юманд бусдыг хардаж явдаг нь цаанаа бүр тархинд нь шингэсэн байдаг гэсэн. Угаасаа л эрт баларын дээр үед хүн агуйд амьдарч байхдаа нэг удаа сайн санаалаад “энэ харанхуй агуйд элдэв аюул байхгүй дээ” гэж бодоод орох л юм бол шууд барьж идүүлдэг байсан. Тэгээд байгалийн шалгарлаар муу санаатай нь амьд үлдсээр байгаад ер нь хүн төрлөхтөн сайн юманд итгэхээсээ муу юманд илүү итгэдэг болсон гэсэн. Хүний муудаа биш муу юманд илүү итгэх нь удаан амьд явахын бас нэг баталгаа байж л дээ. Угаасаа л хүний мөн чанар ийм юм даа, яалтай ч билээ.

Оюу толгойн гэрээ хийгдээд Монгол Улсын эдийн засаг 3 дахин өссөн, нэг хүнд ногдох орлого наанадаж 3 дахин нэмэгдсэн, тэр үеийн авч байсан цалин, гэр бүлийн орлого бас л наанадаж 3 дахин өссөн. Хүн бүр нийгмийн даатгалын дэвтрээ харахад л хангалттай. Хэдэн төгрөгний цалин авч байснаа эргээд бодоход тодорхой. Фэйсбүк дээр том том юм бичээд том болсон гэж боддог залуус аав ээж, эмээ өвөөгийн цалин орлогыг нь асуугаад харьцуулаад үз. Өнөөдөр Оюу Толгой ХХК Монгол Улсын хамгийн том татвар төлөгч. Хамгийн том ажил олгогч, 14 мянган хүн энэ төслөөс цалинжиж байгаа. Оюу Толгой, Эрдэнэт, Таван толгой гурав л энэ улсыг өнөөдөр чирч явж байна. Таг гацсан байсан Таван толгойг ч гэсэн эхлүүлэхэд би оролцсон. Үүгээрээ би бахархдаг.

Харамсалтай нь Б.Жаргалсайхан мэтийн нөхдүүд муулаад байхаар хүмүүс муу юманд нь илүү итгэдэг. Мянга удаа муулаад байхаар хүмүүст мянга удаа муулсан нь хүрээд ганц удаа үнэн хэлсэн нь хүрдэггүй. Гэлээ гээд бодит үнэн тоо баримтаар л илэрхийлэгдэнэ. Хэн нэгэн улстөрч, улс төр хийх гэж ядаж яваа хөгийн гаруудын яриа бол хэдэн жилийн дараа мартагдана. Бодит үнэн л үлдэнэ” гэжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE