АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар: Хэрвээ энэ дүгнэлтийн дагуу миний ажил албан тушаалыг өөрчлөхөд хүрвэл явахаасаа өмнө хариуцлага тооцох болно

/Аудитор Ц.Алтанхуягийн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт гаргасан тайлбарыг ямар нэг дүгнэлт, засваргүйгээр бүрэн эхээр нь буулгаснаа хүргэж байна…/

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танаа

Тайлбар гаргах нь

2018-03-30

Миний бие Монголын бизнес рейтинг аудит ХХК-д ажилладаг аудитор бөгөөд АШУҮИС-ийн санхүүгийн тайлангийн аудитын багт ажиллаж байгаа болно. Тус сургуулийн санхүүгийн тайлангийн аудитын ажилд 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оролцсон бөгөөд үүнээс өмнө 2 дугаар сарын 15-нд аудит анх эхлэхэд манай компанийн аудитор Ш.Нурдаулет, аудиторын туслах Ганчимэг нар гүйцэтгэж байсан болно.

Миний бие тус сургуульд ажиллахаар очиход сургуулийн сахүүгийн нэгтгэсэн тайлан гараагүй төв болон зарим сургуулийн санхүүгийн баримтуудыг аудитад хүлээлгэж өгөөгүй байсан.

Санхүүгийн тайланг ирүүлэхийг шаардахад 3 дугаар сарын 2-нд нэгтгэсэн тайланг өгсөн бөгөөд тодруулга тайланг хүлээлгэж өгөөгүй болно.

Аудитор Ш.Нурдаулет бид нар хагас бүтэн сайнд бүтэн ажиллаж тус сургуулийн санхүүгийн баримтанд түүвэрлэсэн байдлаар аудитыг төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу гүйцэтгэж байсан.

Шинэ долоо хоногийн эхэнд даваа гарагийн үдээс өмнө сургуулийн захирал Г.Батбаатар бидэнтэй уулзаж аудитын явц байдалтай танилцахад аудитын дүнгийн талаар товч танилцуулга хийж, илэрсэн зөрчил дутагдлын нөхцөл байдлын талаар түүнд биечлэн танилцуулахаар тохирсон.

Дараа өдөр манай захирал ирж бид аудитын явцын тухай асуудлын бүртгэлийн танилцуулгыг урьдчилсан байдлаар захирал Г.Батбаатарт түүний өрөөнд танилцуулга хийсэн. Энэ үед Санхүү эдийн засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Нацагдорж байлцсан.

Нийтдээ асуудлын бүртгэлд бичигдсэн 22 зүйлийн илэрсэн асуудлыг тэдэнд танилцуулж тайлбарыг нотлох баримтын хамт маргааш гаргаж өгөх талаар тохиролцож уулзалт дууссан. Энэ үед Г.Батбаатар захирал та бүхний гаргасан дүгнэлтээр илэрсэн зөрчлийн дагуу би хариуцлага хүлээх байх. Хэрвээ энэ дүгнэлтийн дагуу миний ажил албан тушаалыг өөрчлөхөд хүргэх улс төрийн барьц болоход хүрвэл би явахаасөө өмнө холбогдох хүмүүст хариуцлага тооцох болно гэж хэлж байсан.

Маргааш нь буюу 3 дугаар сарын 7-нд аудитаар илэрссэн асуудлын талаарх тайлбар, нотлох баримтыг холбогдох ажилтан нар аудитын багт гарган өгч асуудлын бүртгэлд туссан зөрчлийн талаар эцсийн дүгнэлтүүдийг гаргасан.

Сургуулийн захирал гадаад томилолттой явах болсон тул асуудлын бүртгэлийг түүнийг явахаас өмнө танилцуулж баталгаажуулах үүднээс аудитын ажлыг дуусгах шийдвэрийг аудитын зарим төлөвлөсөн ажлуудыг гүйцэтгэж амжаагүй байхад манай захирал өгсөн. Тухайлбал, Тус сургуульд хэрэгжиж буй 492.0 сая төгрөгийн төсөл хөтөлбөрийн зарцуулалт, үр дүнгийн баримтууд аудитын багт өгөөгүй. Сургууль хөгжүүлэх сангийн орлого зардлын баримтуудыг өгсөн боловч бид шалгаж амжаагүй болно.

Сургуулийн захирал болон СЭЗГ-ын дарга нарт илэрсэн зөрчил тоо хэмжээ, шинж байдлаас дүгнэхэд танай сургуульд хязгааралттай санал дүгнэлт өгөхөөр байна гэдгийг би уулзалтын явцад хэлж байсан.

Газрын дарга Д.Нацагдорж: Төрийн аудитын тухай хуулийн 28 зүйлд заасан хязгаарлалттай дүгнэлт авсан тохиолдолд сахилгын арга хэмжээ тооцогдох юм байна. Иймд худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын зөрчлийн мөнгөн дүнг хасаад өгөөч гэж хүсэлт гаргасан би “Мөнгөн дүнгүй зөрчил гэж байх ёсгүй. Та бүхэн хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбарыг гаргаад өг” гэсэн.

Гэтэл Д.Нацагдорж тайлбар гаргасан ч гэсэн аудитын материаллаг байдлын түвшинтэй оруулаад тооцдог гэж ҮАГ-ын хүнээс лавлахад хэлж байна. Энэ зөрчлийн мөнгөн дүнг хасаад дүнгүйгээр оруулаад өгөөч гэж утсаар холбогдож гуйсан. Би зөвшөөрөөгүй. Мөн Г.Батбаатар захирал утсаар холбогдож та бүхний гаргаж буй дүгнэлт зарим улс төрийн барьц болох гээд байна. Худалдан авах ажиллагааны зөрчлийг эргэн харж өгөөч гэж хүсэлт хэлсэн. Би эрх бүхий хүмүүстэй хандаж хүсэлтээ гарга гэсэн тайлбар өгсөн.

Ингээд 3 дугаар сарын 12-нд дараа долоо хоногийн ажил эхэлж би ажил дээрээ ирэхэд захирал Д.Түмэнжаргал ажилдаа ирээгүй, харин утсаар асуудлын бүртгэлд өөрчлөлт орсон байгаа түүний дагуу тайлангаа бэлтгээд ҮАГ-т хянуулж эхлээрэй гэсэн үүрэг өгсөн.

Би тайлангийн анхны төслөө бэлтгэх, аудитор Ш.Нурдаулет АШУҮИС-иас асуулгын бүртгэл болон аудитласан санхүүгийн тайланг авчрахаар явсан боловч тамга дарагдаагүй гэдэг шалтгаанаар асуулгын бүртгэлээ авч чадаагүй бөгөөд би тайлангийн анхны төслийг манай аудитыг 3 дугаар сарын 12-ны өдөр хянах хуваарийн дагуу ахлах аудитор Д.Цэрэндоржид хянуулсан. Д.Цэрэндорж ахлах аудитор тайланг хянаж үг өгүүлбэр хэт нуршуу байна. Товч хэлэх гэсэн гол санаагаа олж бичих зөвлөгөө өгсөн. Мөн тус сургуулийн авлага өглөгийн баталгаажуулалт, үндсэн хөрөнгийн нэмэгдсэн, хасагдсан дүнг баталгаажуулах үүрэг өгсөн.

Тайлангаа хянуулаад засвар хийхээр ажил дээрээ ирэхэд аудитын асуулгын бүртгэлийг Ш.Нурдаулет авчирсан. Тэгээд гарын үсэг зурж баталгаажуулсан асуулгын бүртгэлийг миний эцсийн байдлаар гаргасан асуулгын бүртгэлтэй тулгахад худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтгүйгээр тус сургуулийн өөрийн хөрөнгөөр бэлтгэсэн үндсэн хөрөнгийн 1.489.2 сая төгрөгийн зөрчил, улсын төсвийн хөрөнгө  оруулалтын тендер шалгарлуулалтаар ерөнхий нөхцлийн шаардлага хангаагүй Омбол ХХК-ийг 149.9 сая төгрөгийн тендерт шалгаруулсан тухай зөрчил, ур чадварын нэмэгдлийг улирал бүр ажил дүгнэхгүйгээр сар бүр 117.1 сая төгргийг олгосон гэсэн зөрчлүүдийн мөнгөн дүнг хассан, зарим зөрчлийн үг өгүүлбэрийг эерэг утгатай болгон өөрчилсөн, зөрчигдсөн хуулийн заалтыг хассан, зарим актыг албан шаардлага болгон өөрчилсөн байсан. Үүнийг захирлаас тодруулахад энэ аудитын байгууллагын эцсийн хариуцлгагыг би хүлээх эрх үүрэгтэй, үүний дагуу би аудитын тайлангийн тухай хянах засах эрхтэй энэ үүргээ би хэрэгжүүлж байна гэсэн.

Би захирлын өгсөн үүргийн дагуу тайландаа зохих өөрчлөлтийг оруулсан. Эхний тайлан мянгачилсан байсныг сая төгрөгт шилжүүлэх, тайлангийн үг өгүүлбэрийг товчлох гэх мэт нэлээд засвар хийсэн. Захирал Д.Түмэнжаргал тайланг хянуулахгүйгээр ҮАГ-ын ахлах аудитор Д.Цэрэндоржид хянуулсан гэж надад зэмлэл хүртээсэн.

Мягмар гараг буюу 3 дугаар сарын 13-нд АШУҮИС дээр ажиллаж санхүүгийн тайлангийн өглөг, авлагын үлдэгдэл баталгаажуулахад зөвхөн Боловсролын дэмжлэгийн сангийн 228.2 сая төгрөгийн авлагын тооцоо нийлсэн акт үйлдсэн бусад өглөг, авлагыг тооцоо нийлсэр актаар баталгаажуулаагүй байсан. Үндсэн хөрөнгийн нэмэгдсэн дүн баталгаажуулж авсан. Харин үндсэн хөрөнгийн хасагдсан дүнг баримтжуулж чадаагүй. Мөн өөрийн хөрөнгөөр бэлтгэсэн 1.489.2 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг ямар нэр төрлийн хөрөнгийг тендер шалгаруулалтаар бэлтгэсэн, ямар хөрөнгүүдийг шууд худалдан авалт хийн бэлтгэсэн байдлаар ангилах, хөрөнгө худалдан авах тендер шалгаруулалтын ажиллагаанд илэрсэн зөрчил дурагдлын тухайд танилцуулга бэлтгэн, Хангамж үйлчилгээний газрын дарга н.Батхуягт танилцуулахад хариу өгөөгүй бөгөөд маргааш нь түүний өрөөнд орж түрээсийн төлбөрийг дутуу тооцсон тухай ажлын баримтанд гарын үсэг зуруулсан. Харин үндсэн хөрөнгө бэлтгэсэн, тендер шалгаруулалтын зөрчлийн тухай манай захирал асуудлын бүртгэлд гарын үсэг зурсан тул би илүү дутуу зүйлд гарын үсэг зурахгүй гэсэн тайлбарыг өгсөн.

ҮАГ-ын ахлах аудитор Д.Цэрэндоржийн өгсөн үүрэг даалгаврын дагуу дээрхи нэмэлт ажлуудыг гүйцэтгэн хянуулсан тайлангаа засварлаад хяналтын хуудсанд хаалт хийлгүүлэх гээд маргааш нь буюу лхагва гарагт очиход тайлангийн эхний төсөл хязгаарлалтай байсан одоозөрчилгүй тайлан болсон байна гээд хяналтын хуудсыг хааж өгөөгүй. Манай эхний хянасан тайлан, асуулгын бүртгэл зэргийг хураан авсан.

АШУҮИС-ийн газрын дарга Д.Нацагдоржид акт, албан шаардлагын төсөл танилцуулах үед “Манай байгууллагын хүлээн зөвшөөрөөгүй асуудлыг тайландаа оруулж байгууллагын нууцыг гадны этгээдэд захирлынхаа хяналт, зөвшөөрөлгүй өгсөн” гэсэн шүүмжлэлийг надад хэлсэн. ҮАГ-ын Санхүүгийн тайлангийн газраас энэ аудитыг хянан удирдахаар томилогдсон ахлах аудитор Д.Цэрэндоржид тайлангийн анхны төслийг танилцуулсан. Тайлангийн төслийг анхан шатны хяналт, менежерийн хяналт, газрын даргын хяналт, орлогч даргын хяналт гэсэн үе шатаар явагдаж байгаа зарчмын дагуу би ажилласан болохоос өөр этгээдэд аудитын мэдээллийг би өгөөгүй болно.

Энэ долоо хоногийн 4 дэх өдөр буюу пүрэв гарагт аудитын менежер С.Оюунгэрэл тайлангаа хянуулсан. Тэрбээр хөрөнгө оруулалт, худалдан валтын тендер шалгаруулалттай холбоотой зөрчлийг мөнгөн дүнтэй болгох, төсвийн гүйцэтгэлийн тайланг улсын төсвөөс баталсан төсөв, авсан санхүүжилтийн гүйцэтгэлээр гаргах, тухайн жилийн орлого, зардлын дүнд шинжилгээ хийх зэрэг үүрэг даалгавар өгсөн.

Тус сургуулийн аудит хийгдсэн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн эцсийн тайланг 4 дэх өдрийн орой АШУҮИС-ийн ахлах нягтлан бодогч Ариунаа өгч манай аудитор Ш.Нурдаулет аудитласан санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг надад өгсөн.

Энэ санхүүгийн тайланг манай аудитын компанийн захирал Д.Түмэнжаргал хянаж үзээд улсын төсвөөс авсан санхүүжилт зөрүүтэй байгааг засварлуулж, тус сургуулийн орлого зардлын төлөвлөгөө гүйцэтгэл, авлага өглөг баталгаажуулалтыг дахин хийж дүн шинжилгээ өгч, сургуулийн голлох үйл ажиллагаа дотоод хяналтын талаар хангалтгүй мэдээллийг тайланд оруулсан байна гэсэн дүгнэлт хийж өөрөө энэ талаар тодруулга мэдээллийг дахин бичин тайланд тусгаж, надад аливаа зүйлийг сайн талаас нь харж дүгнэж байх талаар зөвлөмж өгч, тус сургуулийн хийсэн бүтээсэн ажлыг муу талаас нь харж бичихгүй байх талаар анхааруулга өгсөн. Би эдгээр дутуу бичигдсэн мэдээллийг бичих гэхэд тус сургуулийн санхүүгийн ажилтан нар мэдээллийг цаг  хугацаанд нь тодорхой гаргаж өгөөгүйгээс болсон гэсэн тайлбарыг өгсөн.

Дараа өдөр нь ҮАГ-ын санхүүгийн аудитын газрын дарга Наранчимэгт тайлангаа танилцуулах гэхэд танай энэ тайлангийн дүгнэлт өөрчлөгдсөн гэсэн мэдээлэл байгаа тул ерөнхий аудиторын орлогчтой уулзаж шийднэ гээд манай тайланг хураан авсан. Энэ үеэс 2 тайлан гэсэн яриа гарч би маш хүнд байдалд орж надад маш их дарамт учирч эхэлсэн.

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Нацагдорж нар материаллаг түвшингээс бага л алдаа зөрчил илэрч байвал зөрчилгүй дүгнэлт авах юм гэсэн ойлголттой байсан тул өөрсдийн алдааг материаллаг түвшинд багтаахаар аудитын багт янз бүрийн байдлаар нөлөөлөл үзүүлж байсан. Аудитын тайлангаар илэрсэн зөрчил дутагдал, алдаа нь материаллаг түвшингээс тооны хувьд бага хэдий ч шинж чанарын хувьд материаллаг бол хягзаарлалттай дүгнэлт өгөх үндэслэл байдаг тул би тус сургуулийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчөн үйлдэл алдаа нь хязгаарлалттай дүгнэлт өгөх хангалттай үндэслэл болно гэсэн итгэл үнэмшилтэй байсан тул зөрчилгүй дүгнэлт өгөх захигрлын шийдвэрийг дтроо бүрэн хүлээн зөвшөөрөөгүй явж байсан.

Захирал маань энэ үеэр надад хандан “ҮАГ-т аудитор нь нэг тайлан, захирал нь нэг тайлан бариад явж байна” гэсэн хэл ам гараад байна. Учрыг тайлбарла гэсэн би анх таньд хянуулахгүйгээр хязгаарлалттай тайланг би ахлах аудитор Д.Цэрэндоржид хянуулсан юм. Түүнээс л болж ийм асуудал гарлаа гэсэн. Захирал маш их уурлаж өөрөө энэ тайланг цааш нь гаргуулахаар болсон.

Дараа долоо хоног эхлэхэд би санаа зовж 2 удаа захиралтай холбогдоход намайг загнаад утсаа салгаад байсан. Аудитын компаний нэр хүндэд муугаар нөлөөлсөн, тусгай зөвшөөрөл цуцлагдах эрсдэлтэй болсон, хамт ажиллаж байгаа хүмүүсээ бодсонгүй гэх мэт маш олон муу үр дагавартай юм болж байна гэж намайг зэмлэж байсан.

Ингээд тав дахь өдөр нь захирал утасдаж манай нөхөр мэс засалд орох болсон тул чи өөрөө энэ асуудлыг дуусгах хэрэгтэй гэсэн.

Нэг дэх өдөр би захиралтай уулзаж албан ёсоор түүнээс уучлал хүсэж, цаашид ххэрхэн ажиллах чиг үүрэг авч ҮАГ-ын Санхүүгийн тайлангийн аудитын газрын дарга Наранчимэгтэй уулзсан. Тэгэхэд тэрбээр удирдлагын шуурхайгаар танай аудитын талаар ярилцаж эрсдлийн аудит хийхээр болсон гэв. Би дүгнэлт гаргах юм уу гэхэд би хэлж мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь акт, албан шаардлага гаргаж бая гээд акт, албан шаардлагын материалыг авч гарын үсэг дутуу байсан ахлах аудитор Д.Цэрэндоржоор гарын үсэг зуруулах гэхэд би танай баримтанд гарын үсэг зурахгүй, татгалзах эрхтэй гээд зурж өгөөгүй тул ажил зогссон.

Энэ болсон үйл явдлын талаар захиралд хэлэхэд “хязгаарлалттай дүгнэлт” болгочих уу гэсэн саналыг надад хэлсэн. Би энэ талаар өмнө нь бөөн асуудал болсон тул шууд тэгье гэж дэмжээгүй тэгээд орхисон.

Маргааш нь ҮАГ-т очоод Ерөнхий аудиторын орлогчтой уулзах гэхэд акт албан шаардлага дээр гарын үсгийн бүрдэл дутуу тул түүний туслах уулзуулаагүй. Тэр үед маргааш санхүүгийн аудитын тайлангийн дүгнэлт гардуулах болно. Хамгийн сүүлийн өдөр өнөөдөр гэсэн яриа сонсож, энэ аудитыг дуусгахгүй бол маш их асуудалд орох шинжтэй санагдаж миний ажиллаж буй компани аудитын ажлын төлбөрөө авч чадахгүйд хүрэх нь гэж бодоод ямар нэгэн алхам хийхгүй бол болохгүй боллоо гэж бодсон.

Улмаар “Зөрчилгүй” дүгнэлт өгөх гээд манай захирал 7 хоног болсон юм чинь яагаад ч ийм дүгнэлт ҮАГ-аас гарахгүй юм байна тэгэхээр хязгаарлалттай дүгнэлт оруулъя гэж бодоод захиралд саналаа хэлсэн. Захирлын нөхөр мэс засалд орсон өвчин зовлонтой хүнд үе байсан ба намайг ажилгүй явахад ажлаар хангаж, манай ээжээс өөрцгүй надад сайн санаж явахад би энэ хүнд байдлаас энэ компанийг авч гарах ганц арга зам бол хязгаарлалттай дүгнэлт өгөх явдал юм гэж бодоод тайлангийн дүгнэлтийг өөрчлөөд бичихэд захирал зөвшөөрсөн тул захирлын гарын үсэг зуруулан баталгаажуулан авч Наранчимэг даргад өгсөн.

Наранчимэг дарга газрын зөвлөлийн хуралд асуудлыг танилцуулсан байх. Өглөө нь ирж Наранчимэг даргатай уулзахад танай компани дээр чанарын баталгаажуулалт хийх, АШУҮИС-д эрсдлийн аудит хийх шийдвэр гарсан, аудитын дүгнэлт гарахгүй гэсэн хариуг өгсөн.

Энэ үед аудитын компани хүнд байдалд оруулсан зүйл хийснээ ойлгосон. Зөрчилгүй дүгнэлт өгөх тухай аудитын баримт Наранчимэг даргад байгаа бөгөөд сүүлийн аудитын тайлан нь үүссэн нөхцөл байдлаас гарах гэсэн миний санаачилга төдигүй, ажлын хариуцлага алдсан, санхүүгийн зөрчил дутагдал гаргасан хэн ч гэсэн хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн миний шударга ёсны үзэл баримтлал хэвээрээ байсан тул ийм шийдвэр гаргасан юм.

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн “Монгол Улсад хуулийн засаглал, хариуцлагын тогтолцоо эргэн ирсэн” гэсэн үгийг санаж төрийн албанд гэрээний үндсэн дээр шударгаар ажиллаж аудитын дүгнэлт гаргах явцад ҮАГ-ын эрх бүхий албан тушаалтан нар, АШУҮИС-ийн өнөөгийн удирдлагатай нийлэн аудитыг дүгнэлтэд нөлөөлсөн гэдгийг танд уламжилж байна. Эрсдлийн аудитыг гүйцэтгэх багт ашиг сонирхолын зөрчилгүй аудиторуудыг томилно гэдэгт танд итгэж байна.

АШУҮИС-ийн удирдлага өөрсдөө хууль бус үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа бол эрсдлийн аудитаас эмээх зүйлгүй байх. Гэтэл эрсдлийн аудит орох сургаар миний аудиторын болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг цуцлуулах талаар ёс зүйн хороонд гомдол гаргаж байгааагаа надад мэдэгдэж сүрдүүлж байна. Би хэзээ ч өөрийн үзэл бодлоосоо ухрахгүй тэмцэх болно.

 

Болсон үйл явдлыг бодит байдлаар бичсэн: Аудитор, МНБ Ц.Алтанхуяг

Хаяг: Орхон Баян-Өндөр, Цагаанчулуут баг 6-204 тоот утас: 99049655

SHARE