Английн “Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгерийн халааг Луис Энрике авна

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн хүчтэй багуудын нэг “Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Арсен Венгер энэ улирлыг дуусгаад албан тушаалаа орхино гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл “The Independent” сонины мэдээлснээр, түүний халааг Испанийн мэргэжилтэн Луис Энрике авах ажээ. Тэрээр “Арсенал”-д Арсен Венгерээс дутахгүй цалин горилж буй нь гэрээ байгуулахад гол саад болж байгаа гэнэ.

Франц дасгалжуулагч Арсен Венгер “Арсенал”-ыг 1996 оноос өнөөг хүртэл удирдах үед баг нь гурван удаа Английн аварга болж, долоон удаа Английн цом, супер цомд түрүүлжээ.

Харин Луис Энрике 2014-2017 онуудад Испанийн “Барселон”-ыг дасгалжуулж байсан бөгөөд баг нь хоёр удаа Испанийн аварга болж, гурвантаа Испанийн цомыг гардан Европын Аваргуудын лигт нэг удаа түрүүлж байсан юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE