Захирлын мөнгө хэрэггүй ганц холбоо чинь МҮБХ байхгүй юу?!

 

Ер нь булаацалддаггүй юм ч гэж байхгүй боллоо. Уул уурхай, ашигт малтмал, албан тушаал, үл хөдлөх хөрөнгө, тэр бүү хэл намыг хүртэл булаалдана. Бяртай, эрх мэдэлтэй нь авна.

Үүний нэг жишээ Үндэсний бөхийн холбоо болоод байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Гацууртын Л.Чинбат хоёр энэ холбооны тэргүүн гэгдэж явснаа өчигдөр /2018.4.10./-өөс Л.Чинбатыг Оюуны өмчийн газраас жинхэнэ тэргүүн гээд бүртгэсэн гэх мэдээлэл цацагдав.

Яг үнэндээ Л.Чинбатын өөрийнх нь хэлснээр “турж үхэх” гэж байгаа биш МҮБХ-ны тэргүүн болж яах нь вэ. Б.Бат-Эрдэнэ аваргыг өчнөөн олон бөх Бөхийн өргөөндөө шөнөжин сууж хуралдаад тэргүүнээрээ сонгосныг ард түмэн зурагт радиогоор харсан.

Ер нь бол Б.Бат-Эрдэнэ аварга МҮБХ-ны тэргүүн болъё гэж шийдсэн нь л хамгийн зөв гарц байлаа гэж монголчууд яриад байгаа юм. Энэ үнэн. Ба аварга бол монгол бөхийн түүх, домог болсон хүн. Түүнээс илүү амжилт үзүүлсэн бөх монгол бөхийн өнөөдрийн түүхийг хүртэл гарч ирээгүй л байна. Ийм хүн холбоогоо тэргүүлээд явах нь хэний эрх ашгийг хөндөнө гэж…

Яг үнэндээ энэ МҮБХ-нд чинь Бөхийн өргөөнөөс өөр хүн татаад байх эд байхгүй. Харин ард түмэнд Бөхийн өргөө чухал бус монгол бөх хэрхэн зөв шударга, жудаг соёлоо хадгалсан байх вэ гэдэг чухал байгаа юм.

Тэгэхээр үүнийг хийж чадах хүн хэн бэ гээд бодъё. Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат хоёрын хэн нь вэ гээд л бод.

Ер нь тэгээд захирлын мөнгө хэрэггүй ганц холбоо чинь МҮБХ байхгүй юу. Л.Чинбат өмнө нь Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байсан. Тэнд бол Л.Чинбат хэрэгтэй байсаан. Яагаад гэвэл чөлөөт бөх, жүдо бөх гээд бусад спортын хувьд гадаадын улс орнууд руу тэмцээн уралдаанд сайн оролцож байж эрэмбэ чанараа тодорхойлуулдаг. Тэгэхээр тамирчид, дасгалжуулагчдад зардал мөнгө хэрэгтэй. Харин монгол бөх бол Монголын үндэсний спорт. Монголдоо л барилдана. Лавхан хэлбэл бүх барилдаан Бөхийн өргөөнд л болдог.

Учир иймээс Б.Бат-Эрдэнэ аварга МҮБХ-гоо тэргүүлж, өөрийн амьдрал, залуу насаа зориулсан энэ спортын төлөө хүчээ өгөг л дээ. Харин Л.Чинбат захирал аль нэг спортын холбоог тэргүүлж хувь нэмрээ оруулмаар байгаа бол уриад ажиллуулах холбоод бас байж л байгаа. Нэг гоё үг байдаг. Хүн гэдэг байх ёстой газраа, хийх ёстой зүйлээ хийгээд явах шиг сайхан юм гэж үгүй гэдэг шүү дээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE