Жижиг хувьцаа эзэмшигчдийн зовлон

Эдийн засагч Г.Энхнаст 

 

Эдийн засагч Жианнетти, Кошинен нар саяхны судалгаагаар хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоо сул газар хувьцаанаас олох ашиг бага, өмчлөл илүү төвлөрсөн, хөрөнгийн зах зээлд хүмүүсийн оролцоо сул байгааг тогтоожээ. Жижиг хувьцаа эзэмшигчид компанид хяналт тавьж чадахгүй байх нь том хувьцаа эзэмшигчид ба компаний удирдлагад: Ашиг хулгайлах, орлого нуун дарагдуулах; Бүтээгдэхүүн, өмч хөрөнгийг өөрсдийн эзэмшдэг компанид хэт доогуур үнээр шилжүүлж хөрөнгийг зувчуулах; Компаниас боломжуудыг дайжуулах; Ноогдол ашгийг хойшлуулах, багасгах; Мэдээл нуух, буруу мэдээлэх; Шинээр хувьцаа гаргаж, бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувийг бууруулах (Хувьцаа сүлэх луйвар гэж нэрлэдэг. Оросын Юкос, Сибнефть компаниуд ийм аргаар олигархиудад очсон); Удирдах албан тушаалд чадвар сул төрөл саднаа авах; Гүйцэтгэх удирдлагын зардлыг хэт өндөр тогтоох; Захиалгат дампуурал зарлах ( Орост 2000 оны үед гучин мянган компани дампуурал зарласнаас 30 хувь нь захиалгат дампуурал байсан гэж үздэг) зэрэг маш олон луйвар хийх боломжийг олгодог. Манайд улсын үйлдвэр, газруудыг зориудаар алдагдалтай ажиллуулж байгаад үнэгүйдүүлж авдаг луйврын арга түгээмэл.

Түрүү жил “АПУ” компаний жижиг хувьцаа эзэмшигчид “АПУ трэйдинг” компаний талаар маргаан үүсгэсэн. Тэд компаний удирдлагууд өөрсдийн байгуулсан компанид “АПУ”-гийн бараа бүтээгдэхүүнүүдийг маш бага үнээр нийлүүлж, борлуулалтын зөрүүнээс их хэмжээний ашгийг зувчуулж байна гэж гомдоллосон. Энэ хардлага үнэн байлаа ч манайд ийм гомдлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох механизм бий болоогүй. Жижиг хөрөнгө оруулагчдийн эрхийг сайн хамгаалдаг улсад ийм үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд гэмт хэрэгт тооцогддог. Учир нь жижиг хөрөнгө оруулагчид хохирох нь компаний өмчлөлөөс дайжихад хүргэдэг. Энэ нь хөрөнгийн зах зээлийг царцааж, хумих аюултай. Хүмүүсийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо буурвал санхүүгийн зах зээлд, цаашлаад улсын эдийн засагт хор хохиролтой.

Жижиг хөрөнгө оруулагч нар нэгдэж, компаний хамгийн том хувьцаа эзэмшигч болж чаддаг нь хамтын сангийн маш том давуу тал юм. Хамгийн том хувьцаа эзэмшигч байна гэдэг хамгийн том эрх мэдлийг авч, компанид хяналтаа тогтоох боломжийг олгодог. Дэлхийн корпорациудын өмчлөлийн бүтцийг эдийн засагчид «Хувьцаа эзэмшигчдийн ардчиллаас хувьцаа эзэмшигчдийн дарангуйлал руу хөрөнгийн зах зээл шилжиж байна» гэж тодорхойлох болсон. Үүнийг Америкийн жишээнээс харж болно. 2016 онд АНУ-ын хувьцаат компаниудын нийт хувьцааны 42 хувийг 10 институцийн хөрөнгө оруулагч өмчилж байна. Тухайлбал, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани “Блэк Рок” Америкийн таван компани тутмын нэгт хамгийн том хувьцаа эзэмшиж байна.

Жижиг хөрөнгө оруулагчдын бас нэг зовлон бол хөрөнгийн зах зээлийн мэдлэг хомс байдал. Хөрөнгө оруулалт бол нарийн мэргэжлийн мэс заслын эмчийн ажилтай зүйрлэхээр өндөр мэдлэг, чадвар шаардсан ажил юм. Тиймээс шилдэг мэргэжлийн багтай хамтын санд хандах нь хөрөнгөө алдах эрсдэлийг үлэмж бууруулж, хөрөнгө оруулалтаас өндөр өгөөж хүртэх боломжийг олгодог.

SHARE