Хөрөнгө оруулалтын сан бол хамтын өмчлөл

Эдийн засагч Г.Энхнаст 

Хөрөнгө оруулалтын сан бол институцийн хөрөнгө оруулагчдаас хамгийн том нь. 2011 онд дэлхийн хөрөнгө оруулалтын сангуудын нийт хөрөнгө 29 их наяд 400 тэрбум долларт хүрлээ. Хөрөнгө оруулалтын сан бол хүмүүс хөрөнгөө нийлүүлэн сан үүсгээд, хамтарч хөрөнгө оруулалт хийдэг, түүнээсээ өгөөж хүртдэг санхүүгийн институци юм. Мэргэжлийн баг хөрөнгө оруулалтын санг удирдан, хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулахдаа багцууд үүсгэдэг. Хувьцааны сан, тогтмол орлогын сан,  индексийн сан, мөнгөний зах зээлийн сан, биржийн арилжааны сан, хэдж сан, хувийн хувьцааны сан, холимог сан, үл хөдлөх хөрөнгийн сан, вэнчур сан, таваарын сан, валютын сан зэрэг  хөрөнгө оруулалтын маш олон төрлийн багцууд байдаг.

Хөрөнгө оруулалтын сан хаалттай, нээлттэй гэсэн хоёр төрөл байдаг. Нээлттэй хөрөнгө оруулалтын санд хүмүүс хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт хийж болдог. Ингэхдээ хөрөнгөө оруулахыг хүссэн хүн хөрөнгө оруулалтын сангаас нэгж эрх худалдаж авдаг. Нэгж эрхийг хэдэн ч тоогоор авч болно. Мөн хүссэн үед нэгж эрхээ хөрөнгө оруулалтын санд буцаан өгч оруулсан хөрөнгөө татаж болдог. Харин хаалттай хөрөнгө оруулалтын сан бол хөрөнгө оруулагчдын тоог хязгаарладаг ба хүссэн үедээ гарах боломжгүй.

Хамтын сан (mutual fund) бол нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Хамтын сан хамрах цар хүрээ болон хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулалтын хаалттай сангаас харьцуулшгүй том. Тухайлбал, 2015 оны байдлаар АНУ-д 90 сая хүн есөн мянга гаран хамтын санд хөрөнгөө оруулаад байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө 15 их наяд 900 тэрбум долларт хүрлээ. Нэг өрхөд 103 мянган долларын хөрөнгө оруулалт ноогдож байна. Харин 568 хаалттай хөрөнгө оруулалтын сан байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө ердөө 289 тэрбум доллар байна.

Швед улс хамтын санг богино хугацаанд амжилттай хөгжүүлж чадсан орон. Шведэд наяад он хүртэл хөрөнгө оруулалтын сан хөгжөөгүй байлаа. Шведийн Засгийн газар хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэхээр 1984 онд “Аллеманс фондер” (Хүн бүрийн сан) нэртэй татваргүй хамтын сангийн бодлогоо танилцуулжээ. 1998 онд Шведийн хамтын  сангуудын нийт хөрөнгө 52 тэрбум долларт хүрсэн бол 2017 онд 464 тэрбум долларт хүрлээ. Өнөөдөр Шведийн бараг насанд хүрсэн хүн бүр(94%) хамтын сангийн гишүүн болжээ. Ийм улсыг хөрөнгө оруулагч үндэстэн гэж хэлэхээс аргагүй.

ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЗОВЛОН

Эдийн засагч Жианнетти, Кошинен нар саяхны судалгаагаар хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоо сул газар хувьцаанаас олох ашиг бага, өмчлөл илүү төвлөрсөн, хөрөнгийн зах зээлд хүмүүсийн оролцоо сул байгааг тогтоожээ. Жижиг хувьцаа эзэмшигчид компанид хяналт тавьж чадахгүй байх нь том хувьцаа эзэмшигчид ба компаний удирдлагад:Ашиг хулгайлах, орлого нуун дарагдуулах;Бүтээгдэхүүн, өмч хөрөнгийг өөрсдийн эзэмшдэг компанид хэт доогуур үнээр шилжүүлж хөрөнгийг зувчуулах; Компаниас боломжуудыг дайжуулах;Ноогдол ашгийг хойшлуулах, багасгах; Мэдээл нуух, буруу мэдээлэх; Шинээр хувьцаа гаргаж, бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувийг бууруулах (Хувьцаа сүлэх луйвар гэж нэрлэдэг. Оросын Юкос, Сибнефть компаниуд ийм аргаар олигархиудад очсон); Удирдах албан тушаалд чадвар сул төрөл саднаа авах; Гүйцэтгэх удирдлагын зардлыг хэт өндөр тогтоох; Захиалгат дампуурал зарлах ( Орост 2000 оны үед гучин мянган компани дампуурал зарласнаас 30 хувь нь захиалгат дампуурал байсан гэж үздэг)  зэрэг маш олон луйвар хийх боломжийг олгодог. Манайд улсын үйлдвэр, газруудыг зориудаар алдагдалтай ажиллуулж байгаад үнэгүйдүүлж авдаг луйврын арга түгээмэл.

Түрүү жил “АПУ” компаний жижиг хувьцаа эзэмшигчид “АПУ трэйдинг” компаний талаар маргаан үүсгэсэн. Тэд компаний удирдлагууд өөрсдийн байгуулсан компанид “АПУ”-гийн бараа бүтээгдэхүүнүүдийг маш бага үнээр нийлүүлж,  борлуулалтын зөрүүнээс их хэмжээний ашгийг зувчуулж байна гэж гомдоллосон. Энэ хардлага үнэн байлаа ч манайд ийм гомдлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох механизм бий болоогүй. Жижиг хөрөнгө оруулагчдийн эрхийг сайн хамгаалдаг улсад ийм үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд гэмт хэрэгт тооцогддог. Учир нь жижиг хөрөнгө оруулагчид хохирох нь компаний өмчлөлөөс дайжихад хүргэдэг. Энэ нь хөрөнгийн зах зээлийг царцааж, хумих аюултай. Хүмүүсийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо буурвал санхүүгийн зах зээлд, цаашлаад улсын эдийн засагт хор хохиролтой.

Жижиг хөрөнгө оруулагч нар нэгдэж,  компаний хамгийн том хувьцаа эзэмшигч болж чаддаг нь хамтын сангийн маш том давуу тал юм.  Хамгийн том хувьцаа эзэмшигч байна гэдэг хамгийн том эрх мэдлийг авч, компанид хяналтаа тогтоох боломжийг олгодог. Дэлхийн корпорациудын өмчлөлийн бүтцийг эдийн засагчид «Хувьцаа эзэмшигчдийн ардчиллаас хувьцаа эзэмшигчдийн дарангуйлал руу хөрөнгийн зах зээл шилжиж байна» гэж тодорхойлох болсон. Үүнийг Америкийн жишээнээс харж болно. 2016 онд АНУ-ын хувьцаат компаниудын нийт хувьцааны 42 хувийг 10 институцийн хөрөнгө оруулагч өмчилж байна.Тухайлбал, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани “Блэк Рок” Америкийн таван компани тутмын нэгт хамгийн том хувьцаа эзэмшиж байна.

Жижиг хөрөнгө оруулагчдын бас нэг зовлон бол хөрөнгийн зах зээлийн мэдлэг хомс байдал. Хөрөнгө оруулалт бол нарийн мэргэжлийн мэс заслын эмчийн ажилтай зүйрлэхээр өндөр мэдлэг, чадвар шаардсан ажил юм. Тиймээс шилдэг мэргэжлийн багтай хамтын санд хандах нь хөрөнгөө алдах эрсдэлийг үлэмж бууруулж, хөрөнгө оруулалтаас өндөр өгөөж хүртэх боломжийг олгодог.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 10 ХУВЬ БА ОРД ГАЗРУУД

Хөрөнгө оруулалтын сангууд корпорациудын өмчлөлийн бүтцэд маш том нөлөө үзүүлдэг хамтын өмчлөлийн хэлбэр юм. Шведийн топ 50 компаниас 28 компаний хувьцааг институцийн хөрөнгө оруулагчид  тэр дундаа хамтын сангууд давамгай эзэмшиж байна. Мөн есөн компани ямар нэг давамгай хувьцаа эзэмшигч байхгүй хувьцаа нь жигд тарсан байна. Төрийн өмчлөлд есөн компани байна. Эндээс харвал Шведийн топ 50 компанаас 46 компани нийтийн өмчлөлд байна. Харин гэр бүлийн өмчлөлд ердөө дөрвөн компани байна.

Монголын төр саяхан Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гаргалаа. Энэ бол корпорациудын өмчлөлийн бүтцэд өөрчлөлт оруулахад чиглэсэн маш зөв шийдвэр юм. Гэхдээ бодох ёстой зүйлүүд байна. Авилгалд идэгдсэн нийгэмд төрийн өмчит үйлдвэр газрууд улс төрчид, дарга нарын саалийн үнээ болдог. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийг тойрсон авилгал, хулгай, луйвар зогсохгүй нь тодорхой. Үүнийг зогсоож, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд үлдэх ард түмэндээ үлдэх 90 хувийг ч бас өгөх хэрэгтэй. Ингэхдээ хүн бүрт багахан хувьцаа хувааж өгөхөд бус, хамтын сангуудыг багцалсан том хувьцаа эзэмшигч болгох замаар ард түмэнд үйлдвэрийг мэдэх, хянах боломжийг олгоход чиглэгдэх учиртай. Хамтын сангуудад мэдээж өндөр шалгуур тавина. Нэг хүн хэт өндөр хувь эзэмшихгүй байх, оролцох хүмүүсийн доод хязгаар тогтоох гэх мэт.

Цаашдаа, Монголын төр Оюутолгой, Тавантолгой, Хармагтай, Багануур, Шивээ Овоо, Төмөртэйн овоо, Асгат зэрэг үнэ цэнэтэй том орд, газрууд дахь өөрийн мэдлийн хувиа хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан ард түмэндээ  өгөх хэрэгтэй. Ингэж чадвал   чинээлэг дундаж давхарга бүрэлдэн тогтоход асар том нөлөө үзүүлнэ. Энэ бол «Газрын хэвлийн баялаг ГАГЦХҮҮ ард түмний мэдэлд байна» гэсэн Үндсэн Хуулийн заалт  үл биелэх (утопи) тунхаглал биш болж, биелэлээ олж байгаа хэрэг юм.

Өмчлөл бол эрх мэдлээс гадна хариуцлага юм. Ард түмэндээ үндэсний том үйлдвэр, орд газруудаа  өмчлөх боломж олгосноор, Монгол төр ард түмнээ хариуцлагатай болгох юм. Ард түмэн хоосон амлалтанд хууртаж, таван төгрөгөөр саналаа худалдахаа болино. Хариуцлагатай ард түмэн л улс төрчдөөс хариуцлага нэхэж, шаардаж чадна. Хариуцлагатай, зөв улс төрчид л улс орноо зөв удирдан залж, хөгжилд хөтлөх нь тодорхой.

SHARE