Нийслэлчүүдэд таалагддаггүй нийслэлийн Засаг дарга

Нийслэлчүүдэд таалагддаггүй нийслэлийн Засаг даргаСудлагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “МЭК” компанийнхан өнгөрсөн сард нэгэн сонирхолтой судалгаа хийснээ олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн судалгааг нийслэл Улаанбаатар хотод 3-р сарын 7-10-ны хооронд 800 хүнээс авчээ. Ингэхдээ санамсаргүй түүврийн аргаар авсан бөгөөд ямар нэг байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрсдийн зардал мөнгөөр хийсэн гэдгээ тус компанийнхан тодотгосон. Судалгааны дүнг бүрэн эхээр нь www.mec.mn хуудаснаас харж болох юм билээ. Тэд хэд хэдэн чиглэлээр тандалт судалгаа хийснээс нийслэлийн одоогийн Засаг Засаг даргын үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийн өгсөн дүн анхаарал татаж байгаа юм.


2016 онд болсон сонгуулиар МАН “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр дэвшүүлж оролцсон байдаг. Сонгуулийн үр дүн гарахад нийслэлийн иргэдийн олонх нь МАН-д итгэл хүлээлгэж, Улаанбаатар хотод засаглах эрхийг өгсөн. Сонирхолтой нь, нийслэлийн сонгуульд оролцоогүй, хөтөлбөр дээр ажиллаагүй Су.Батболд гэнэтхэн хотын мээр болсон юм. Үнэмлэхүй ялалтандаа эрдсэн эрх баригчид улс төрийн шийдвэр гаргаж хүссэн томилгоогоо хийсэн байдаг. Нийслэлийнхээ иргэдийг аз жаргалтай амьдруулах амлалт өгсөн МАН, УИХ-ын гишүүний суудлаа хотын даргын албаар сэлгэсэн Су.Батболд нийслэлд засаглаад даруй хоёр жилийн хугацаа улиран өнгөрчээ.

Бүрэн эрхийнхээ тэн хагасыг үдсэн хотын мээрийн ажилд нийслэлчүүд үнэлэлт, дүгнэлт өгөх хангалттай хугацаа өнгөрсөн гэдэг утгаар нь “МЭК” компанийнхан нийслэлийн Засаг даргын ажилд сэтгэл ханамж хэр байгааг энэ удаагийн судалгаагаар дамжуулан асуужээ. Харамсалтай нь хотын мээр Су.Батболд тааруухан үнэлгээ авсныг судалгааны үр дүнгээс харж болно. Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг иргэдийн саналаар жагсаахад мээр Су.Батболд дээрээсээ дөрөв жагсчээ. Энгийнээр хэлбэл, хийсэн, хэлсэнд нь сэтгэл дундуур явдаг улстөрчдийн айргийн тавд нийслэлийн одоогийн Засаг даргын нэр дурайтал цохиж явна.
Олон нийтэд нэр муутай улстөрчдийн жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлсэн бол “бандааш” хочит гишүүн Д.Гантулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, нийслэлийн Засаг дарга Су.Батболд нар удаалсан байна. Судалгааны дүн бол нийслэлчүүдийн санаа бодлын шууд тусгал. Эндээс харахад нийслэлийн Засаг дарга Су.Батболд нийслэлийнхээ иргэдэд төдийлөн таалагдахгүй байгаа гэж ойлгож болохоор байна. Хэрэв энэ таагүй байдал цааш газар авбал “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх том хөтөлбөр дэвшүүлж, иргэдэд амлалт өгсөн МАН-ынхан 2020 онд нийслэлд ялалтаа баталгаажуулах, улиран засаглах магадлал тун бага болох эрсдэлтэй.

Эх сурвалж: Б.Түвшинтөгс niislel.mn

SHARE