“Ливерпуль” Английн аварга болох гэж буй “Манчестер Сити”-д хөлбөмбөгийн хичээл заав

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Английн хоёр багийн тоглолт санаанд оромгүйгээр өндөрлөж, герман дасгалжуулагч Юрген Клоппын удирдсан “Ливерпуль” Премьер лигт өрсөлдөгчдөөсөө хол тасран хугацаанаас өмнө Английн аварга болохоор зэхэж буй “Манчестер Сити”-д хөлбөмбөг хэрхэн тоглодгийг яруу тодоор заах шиг болж 3:0-ээр бутниргэн дэндүү доромжлов.

“ЛИВЕРПУЛЬ” – “МАНЧЕСТЕР СИТИ” – 3:0 (3:0)

Гоолууд: Салах, 12 (1:0). Окслейд-Чемберлен, 21 (2:0). Мане, 31 (3:0).

“Ливерпуль”: Кариус, Александр-Арнолд, Ловрен, Ван Дейк, Робертсон, Милнер (Морено, 85), Хендерсон, Окслейд-Чемберлен, Салах (Вайналдум, 53), Роберту Фирмину (Соланке, 71), Мане.

“Манчестер Сити”: Эдерсон, Вокер, Компани, Отаменди, Лапорт, Фернандинью, Гюндоган (Стерлинг, 57), Силва, Де Брейне, Габриэл Жезус, Сане.

Шар хуудас: Отаменди, 45+3. Габриэл Жезус, 76. Де Брейне, 80. Хендерсон, 86. Стерлинг, 90+2.

Шүүгч: Брих (Герман).

Төрөлх “Энфилд” цэнгэлдэх хүрээлэндээ үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ нүргэлсэн сүрлэг дэмжлэг дор “Ливерпуль” баг испани дасгалжуулагч Хосеп Гвардиолагийн “Манчестер Сити”-г боксын нэр томъёогоор бол эхний үед л нам цохин унагаж нокаутад оруулсан.

Хэдийгээр зочин баг бөмбөгийг илүүтэй хянавч “Ливерпуль” өрсөлдөгчөө байнга сандарган алдаа хийхэд хүргэж байв. Хосеп Гвардиолагийн баг дэндүү тайван, сонгодог хөлбөмбөг үзүүлээд хариу тоглолтод юу чаддагаа харуулна гэсэн тооцоотой талбай дээр гарсан гэлтэй.

Уг нь “Манчестер Сити” “Энфилд”-ийн талбай дээр тайван тоглоно гэж байдаггүйг ойлгоод удаагүйсэн. Чухам энэ цэнгэлдэх хүрээлэнд тус баг Английн премьер лигийн энэ улиралд 4:3 харьцаагаар цорын ганц удаа хожигдсон билээ. Гэвч сургамж аваагүй бололтой.

Талбайн эзэд эхний үед арван минутын зайтайгаар гурван гоол оруулан өрсөлдөгчөө “Энфилд”-ийн зүлэгтэй тэгшлэн дэвсчих шиг болсон. Талбай дээр юу хийхээ, улаан өмсгөлтэй “мангасууд”-аас хаана нуугдахаа мэдэхгүй мэт “Манчестер сити”-гийн алдарт хөлбөмбөгчдийг харахад өрөвдөлтэй байв.

Юрген Клопп хоёрдугаар үед гайхамшигтай тактикч гэдгээ харуулж багийн зохион байгуулалтаа өөрчлөн тооны харьцааг хадгалж чадсан юм. “Манчестер сити” тоглолтын явцад Кариусын хаалганд нэг ч ноцтой цохилт хийж чадаагүй гэхэд итгэмээргүй.

Аваргуудын лигийн өөр нэг тоглолтод “Барселон” Италийн “Рома”-г “Камп Ноу” стадион дээрээ хүлээн авч хөлбөмбөг сонирхогчдын хүлээж байснаар 4:1-ээр түвэггүй буулган авчээ. Гэвч “Рома”-гийн тоглогчид эхний хоёр гоолыг өөрийн хаалгандаа оруулаагүйсэн бол ингэтлээ их зөрүүгээр хожигдохгүй байсан биз ээ.

“БАРСЕЛОН” – “РОМА” – 4:1 (1:0)

Гоолууд: Де Росси, 38 – өөрийн хаалганд (1:0). Манолас, 56 – өөрийн хаалганд (2:0). Пике, 59 (3:0). Жеко, 80 (3:1). Луис Суарес, 87 (4:1).

“Барселон”: Тер Штеген, Семеду, Пике, Юмтити, Жорди Алба, Серхи Роберто (Андре Гомеш, 83), Ракитич, Бускетс (Паулинью, 66), Иньеста (Суарес, 85), Месси, Луис Суарес.

“Рома”: Алиссон, Бруну Перес, Фасио, Манолас, Коларов, Пеллегрини (Гоналон, 60), Де Росси (Дефрель, 77), Перотти, Флоренци (Эль-Шаарави, 72), Жеко, Стротман.

Шар хуудас: Коларов, 44. Стротман, 86.

Шүүгч: Маккели (Холланд).

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE