Роналдугийн гайхамшигт гоол Буффоны мөрөөдөлд цэг тавьсан нь

 

Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд эхэлж, Италийн “Сери А”-г тэргүүлж яваа “Ювентус” энэ улиралд Испанийн аваргын төлөө өрсөлдөх боломжоо үндсэндээ алдсан Мадридын “Реал”-ыг Турин дахь “Алльянц” стадиондоо хүлээн авч хэний ч тамааглаж байгаагүйгээр бутниргүүллээ.

ЮВЕНТУС – РЕАЛ – 0:3 (0:1)

Голы: Криштиану Роналду, 3 (0:1). Криштиану Роналду, 64 (0:2). Марселу, 72 (0:3).

“Ювентус” (Турин): Буффон, Де Шильо, Барцагли, Киеллини, Асамоа (Матюиди, 69), Дуглас Коста (Манжукич, 69), Бентанкур, Хедира (Куадрадо, 75), Дибала, Сандру, Игуаин.

“Реал” (Мадрид): Навас, Карвахал, Серхио Рамос, Варан, Марселу, Каземиру, Кроос, Модрич (Ковачич, 82), Иско (Асенсио, 75), Криштиану Роналду, Бензема (Васкес, 59).

Шар хуудас: Бентанкур, 27. Дибала, 45. Серхио Рамос, 55. Ковачич, 88.

Улаан хуудас: Дибала, 66.

Шүүгч: Жюнейт Чакир (Турк).

Сүүлийн гурван жилд хоёр ч удаа Аваргуудын лигийн финалд хожигдон “дэлдэн” цом өргөх хувь дутсан азгүй баг бол “Ювентус”. Өнгөрсөн жил Вэйлсийн Кардифф хотноо болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Реал”-д 4:1-ээр хожигдсон Турины баг энэ тоглолтод даагаа нэхэх гэж талбай дээр гарсан нь тодорхой.

“Ювентус”-ын алдарт хаалгач, 40 настай Жанлуижи Буффон Аваргуудын лигт 14 жил хүч үзэн Европын багуудын хамгийн нэр хүндтэй цомын төлөөх шийдвэрлэх тоглолтод гурвантаа оролцсон ч нэг ч удаа аваргалж чадаагүй билээ. Энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдсэн түүнд хүсэн хүлээсэн цомоо өргөх сүүлчийн оролдлого Криштиану Роналдугийн гайхамшигт гоолын дараа талаар өнгөрч байх шиг.

Тоглолт эхлээд удаагүй байхад Испанийн эзэн хааны багийн хагас хамгаалагч Искогийн дамжуулалтын дараа алдарт Криштиану Роналду гоолдсон ч талбайн эзэд тоог тэнцүүлэх хэд хэдэн бодит боломжийг алдан өрсөлдөгчөөсөө юугаар ч дутаагүйг тэмдэглэх хэрэгтэй. Харин өнөөх л Криштиану Роналдугийн өөр дээгүүрээ хайчилж өшиглөсөн гайхамшигт гоолын дараа тоглолтын хувь заяа нэгэнт тодорхой болсон юм. “Ювентус”-ын хөгжөөн дэмжигчид хүртэл португал довтлогчийн гоолыг хүндлэн босч алга ташиж байв.

Үүний дараа “Ювентус”-ын түлхүүр тоглогчдын нэг Дибала дүрэм зөрчин талбайгаас хөөгдөж, арвуулаа үлдсэн талбайн эзэд дахин нэг гоол алдсанаар Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарахгүй нь үндсэндээ тодорхой болсон билээ.

Аваргуудын лигийн өөр нэг тоглолтод Германы “Байерн” Испанийн “Севилья”-г талбай дээр нь 2:1-ээр буулган авсан юм. Ингэснээр, ямар нэг ер бусын гайхамшиг тохиохгүй л бол “Реал”, “Байерн” багууд дараагийн шатанд гарна гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

Өнөөдөр Аваргуудын лигийн удаахь хоёр тоглолт болох ба “Ливерпуль” “Манчестер Сити”-тэй, “Барселон” “Рома”-тай өрсөлдөнө.

 

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

 

SHARE