Гар утас 45 нас хүрлээ

45 жилийн тэртээ, 1973 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр утсан харилцуур үйлдвэрлэгч “Motorola” компанийн инженер  Мартин Купер энэ салбарт өрсөлдөгч “AT&T” компанийн “Bell Laboratories” судалгааны төвийн захирал Жоэл Энгел рүү залган анхны гар утсаар ярьж буйгаа дуулгажээ. Чухам энэ өдрийг гар утасны төрсөн өдөр гэж үздэг болсон байна.

“Motorola” компанид үйлдвэрлэсэн “Motorola DynaTAC 8000X” нэр авсан дэлхийн анхны гар утас нэлээд нүсэр, 1.2 кг жин, 22 см урт, 4 см өргөн, 12 см зузаан төхөөрөмж байсан аж. Тус гар утас залгаж буй дугаар гэрэлтэж харагддаг жижигхэн дэлгэцтэй байжээ. “Motorola DynaTAC 8000X”-ын аккумуляторыг бүрэн цэнэглэхэд 10 цаг шаардагддаг ч ердөө 30 минут болоод унтардаг байсан гэнэ.

“Motorola” компани 10 жилийн дотор ердөө тавхан ийм гар утас үйлдвэрлэжээ. Харин 1983 онд загварыг нь сайжруулж жинг нь 0.85 кг хүртэл бууруулан олноор үйлдвэрлэж зах зээл дээр гаргасан байна. “Motorola DynaTAC 8000X” нь 4000 ам.долларын үнэтэй ч эхний жилд л АНУ-ын 12 мянган хүн худалдан авсны дараагаар ирээдүйтэй тус зах зээлд “Nokia”, “Siemens”, “Philips”, “Sony”, “Ericsson”, “Benefon”, “Sharp” зэрэг компаниуд нэвтрэн орж ирж тус тусын бүтээгдэхүүнээ улам төгөлдөржүүлж үнийг нь бууруулан өрсөлдөж эхэлсэн түүхтэй.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

хуваалцах