С.Баярцогтыг харж баясах хэрэггүй, ээлж чинь удахгүй ирнэ шүү, нэр бүхий дарга нар аа?!

Хүний мууд дурлана гэдэг магадгүй, хүн төрөлхтөний сөнөтлөө салж чадахгүй хамгийн муу зуршил биз.

Монголчууд бид дэлхийн бүх улс үндэстнээс толгой илүү хүмүүс гэдэг болохоор хүний мууд дурладгаараа ч бас илүү байж мэднэ.

Ийм бодол төртөл манай дарга нар нэгийгээ муулж байна.

Монгол Улс газар нутагтайгаа харьцуулбал цөөхөн хүн амтай гэдэг. Бид өөрсдөө ч үүнийгээ мэднэ. Тиймээс цөөхөн хэдэн хүн сүүлийн 20 гаруй жилд ээлжлээд төрөө барьдаг юм.

Улс төрийн намаар нь тоолбол МАН, АН гэдэг хоёр нам ээлжилнэ. Энэ хоёр намд хуваагдсан хэдхээн улстөрч л ээлжилж гарч ирээд сайдын албыг залгуулна шүү дээ. Тэднийгээ бид л сонгодог юм.

Тэдний нэг нь өдгөө Оюутолгойн гэрээний асуудлаар “хар гэр”-т хоригдоод байгаа С.Баярцогт юм. Түүн шиг боловсролтой хүн Монголд байхгүй гэж нэг хэсэг ярьдаг байлаа. Одоо ч олон болсон байх. Тэр хэрээрээ хүний өөрийн намынхны анхаарал сонирхлыг татаж, стандарт бус Засгийн газарт багтаад Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь өнөөдөр буруутаж байх шиг байна.

Магадгүй, С.Баярцогт тэр үедээ есөн жилийн дараа шалгагдаж, бүрх баривчлагдана гэж төсөөлөө ч үгүй байх.

С.Баярцогтын араас Ч.Сайханбилэгийн нэр бас яригдаад эхэллээ.

Тэдний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Тийм учраас мань мэт илүү дутуу зүйл ярих хэрэггүй юм.

Гэхдээ энэ явдлын эргэн тойронд ихээхэн ажиглагдаад байгаа зүйлийн талаар ганц үг сануулчихмаар болоод болдоггүй.

С.Баярцогтыг хүний, өөрийн намгүй магтдаг байсныг дээр хэлсэн. Харин өнөөдөр МАН-ынхан, АН-ынхан, хүний өөрийнгүй л муулж байна. С.Баярцогттой барьсан гараа ч дахин дахин савандах нь холгүй болж байна.

Зарим нэр бүхий хүмүүс С.Баярцогтыг хэвлэлээр, цахим сүлжээгээр харааж зүхээд л, түүнийг яллах ажиллагааг хувийн журмаар зохион байгуулаад сүйд. Бараг л хувьдаа АТГ ажиллуулах нээ янз нь.

Тэр хүмүүст хандаад сануулъя. Ингэх хэрэггүй. Хууль нь тогтоог. Магадгүй, таны “бөгс”-ийг ухвал С.Баярцогтынхоос ч өмхий үнэр дэгдэж мэднэ. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрнө. Хэрэг хуучирдаггүй ч гэдэг.

Өнөөдөр та С.Баярцогтыг нухалцаж болно оо. Харин маргааш таны ээлж ирж мэднэ шүү, нэр бүхий дарга нар аа?!

Эх сурвалж: news1.mn

SHARE