Дамбадаржаагаас олдсон алмас шуугиан тарьж байв

 

“Залуучуудын үнэн” буюу “Монголын залуучууд” сонины 1991 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дугаарт “Монголд…Дэлхийд анх удаа алмас барилаа” гэх мэдээ нийтлэгдсэн юм.

Тэрхүү сонины бараг бүтэн нүүрийг эзэлсэн уг мэдээлэлд “…Дамбардаржаагийн эмнэлгийн ойролцоо явж байсан тэндхийн оршин суугч Н.Чулуун “2 метр хэрийн өндөр биетэй, биеэрээ дүүрэн үсэн бүрхүүл бүхий хоёр хүн явж байхыг харжээ. Ингээд ойролцоо явж байсан хотын цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нарт очиж хэлсэн байна. Тэднийг очиход өнөөх хүн-амьтнуудын нэг нь зугтааж амжсан боловч цахилгаан бороохойн ачаар нөгөөг нь барьж авч чадсан байна. Эргүүлийн цагдаа нар “тийрч буй тэмээ лүгээ адил” хэмээн хэлж байлаа. Уг алмас их холоос гүйж ирсэн бололтой хөлс нь үсэнд нь бонжигнож байжээ. Энэхүү мэдээг дуулаад ШУА болон бусад газрынхан “Хоноц хоноцдоо дургүйн” үлгэрээр их дургүйцэж байсан боловч манай гэрэл зургийн сурвалжлагч С.Лувсаншагдар овсгоо гарган, дээрх зургийг дарж чадав. Энэхүү алмасын хөлийн мөрийг хэмжин үзэхэд уртаашаа 40.7, өргөөшөө 19.3 см хэмжээтэй байв. Өндрөөшөө барагцаалбал 2 метр 10 см орчим харагдаж байв. Уг амьтныг тэнд очсон эрхтэн дарханууд тортой машинд хийн авч одлоо. Тэдний хэн нь ч нэрээ хэлэхийг хүсээгүй ба хааш нь авч яваагаа ч хэлсэнгүй. Маргааш нь холбогдох газруудаас сураглахад “Энэ бол алмасыг амьдаар нь барьсан анхны тохиолдол. НҮБ-д мэдэгдсэн. Мэргэжлийн хүмүүс болон алмас судлалаар мэргэжсэн эрдэмтэд гурав хоногийн дараа ирнэ гэсэн хариу өгөв. Дэлхийн алмас судлаачид энэ мөчөөс эхлэн бүтэн нойртой хонох болно гэдэгт итгэнэм. Ямар ч л гэсэн дэлхийн шинжлэх ухаанд удахгүй ховор сонин нээлт болох нь дамжиггүй. Одоогоор уг хүн амьтан улсын циркийн баавгай хорьдог байсан торонд байгаа сурагтай. Зарим сонор чихтэнгүүд, тухайлбал сэтгүүлч Х.Бүрэнтогтох үүнийг овжин ашиглаж “Майн баяраар алмастай цирк тоглоно” хэмээн цуурхал тарааж буй бололтой.Энэхүү хүн амьтан биднээс юу хүсээ юм бол. Энэ тухай бид дараа тодорхой мэдээлэх болно” хэмээн бичсэн байдаг.

Энэ мэдээлэл тэр үедээ ихээхэн дуулиан шуугиан тарьж, үүнд нь рхууртсан хүмүүс сүүлд нь мэдчихээд уурлах нь уурлаж, инээх нь инээж байснаа ч олон хүн санаж буй байх.

Баавгайн торонд хоригдсон алмасыг үзчих санаатай циркийн гадаа цуглаж байснаа ч дурсаж буй нь ч байсан биз ээ.

Энэ “хэрэг”-ийн эзэн сэтгүүлч Ц.Батбаяр. Тэр явдлаас хойш Алмас Батбаяр гэх болсон юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE