Дунд сургууль төгсөөгүй ч дэлхийн толгой баян болсон Амансио Ортега

2017 оны наймдугаар сард “Forbes” сэтгүүлийн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг 85 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлж байсан Испанийн Амансио Ортега манай гаригийн таван толгой баян дунд АНУ-ын иргэн бус цорын ганц хүн билээ.

“Zara”, “Bershka”, “Oysho”, “Stradivariu”s, “Uterque”, “Pull & Bea”, “Massimo Dutti” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг нэгтгэдэг “Inditex” корпорацийг үүсгэн байгуулагч, банк, үл хөдлөх хөрөнгө, байгалийн хийн аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын томоохон хөрөнгө оруулагч Амансио Ортега олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг алдартан хэдий ч хэвлэл мэдээллийнхнээс зай барьж ярилцлага өгөхөөс татгалзан Испанийн Ла Коруна гэх жижигхэн хотод олны нүднээс хол даруухан амьдардаг ажээ.

Дөчин жилийн тэртээ тэрээр Европын хувцас загварын компаниудын олон арван жил мөрдсөөр ирсэн бизнес загварыг эвдэн бараа эргэлтийн хурдыг эрхэмлэсэн өөрийн аргачлалыг бий болгосон бөгөөд үүнийхээ ачаар “Zara” компаниа 80 гаруй оронд салбартай дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ болгож чаджээ. Тэрээр бизнесийн эзэнт гүрнээ “Үйлчлүүлэгчдэд хүссэн зүйлийг нь хийж өг. Ингэхдээ бусдаас урьт” гэсэн энгийн хоёр зарчмыг баримтлан цогцлоосон гэдэг.

Амансио Ортега Испанийн хойд нутгийн Бусдонго гэх жижигхэн хотод 1936 онд төмөр замын ажилчин, үйлчлэгч эмэгтэйн гэр бүлд дөрвөн хүүхдийн отгон нь болж төржээ. Түүнийг бага байхад аавынх нь ажил шилжсэн Ла Корунад гэр бүлээрээ нүүж төмөр замаас холгүй орших байшинд ядуу тарчиг амьдрах болсон аж. Арвангурван настай байхдаа тэрээр нэг удаа ээжтэйгээ сургуулиасаа харьж явжээ. Замдаа ээж нь нэгэн дэлгүүрт орж зээлээр хүнс өгөхийг гуйсан ч эзэн нь өгөлгүй хөөж гаргасан байна. Амансио хүү үүнд ихэд гутран дунд сургуулиа орхин ажилд орж эцэг эхдээ дэм болохоор шийджээ.

Тэрээр хувцасны дэлгүүрийн худалдагчийн туслахаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн аж. Арвандөрвөн нас хүрмэгцээ Амансио өөрийнх нь ах, эгч хоёр ажиллаж байсан “La Maja” дэлгүүрийн оёдлын цехэд ажилд орон хувцасны загвар эсгэж, оёх чадвартай болсны дээр ирээдүйн эхнэр Росалиа Мератай танилцан дотносчээ. Гэвч тухайн үед оёдлын цехийн дарга түүний эцэгт хэлэхдээ хүүг нь сайн оёдолчин болно гэдэгт эргэлзэж байсан гэдэг. 1960-аад онд ажилч хичээнгүй Амансио Ортега тушаал дэвшин “La Maja” дэлгүүрийн менежерээр ажиллан хувцас борлуулах бизнесийн нарийн ширийнийг нэгд нэгэнгүй мэддэг болсон байна.

Ингээд, 1972 онд 37 насандаа зохих хуримтлалтай болон амьдралаа ямар нэг хэмжээнд төвхнүүлсэн тэрээр “Confecciones GOA” нэртэй өөрийн хувцас оёдлын компаниа үүсгэн байгуулжээ. Амансио Ортега эхэндээ эхнэрийнхээ хамт гэрийнхээ том өрөөндөө усны хувцас, унтлагын цамц, эмэгтэйчүүдийн дотуур хувцас оёдог байсан аж. Түүний оёсон хийц сайтай ч хямд үнэтэй бүтээгдэхүүнийг дэлгүүрүүд дуртайяа захиалан авах болжээ.

Гэвч 1975 онд Германы нэгэн түншлэгч компани дотуур хувцасны томоохон захиалгаа гэнэт цуцласнаар “Confecciones GOA” хүнд байдалд оржээ. Амансио Ортега эхнэрийнхээ хамт тус захиалгыг гүйцэтгэхийн тулд даавуу, утас гээд түүхий эдэд байдаг мөнгөө зарцуулаад байсан аж. Иймд бизнесээ аврахын тулд гэр бүлийн хоёр оёж бэлэн болгосон нэлээд хэмжээний дотуур хувцсаа өөрсдөө борлуулахад хүрчээ.

1975 оны тавдугаар сарын 15-нд тэд Ла Коруна хотын төв гудамжинд өөрсдийн дуртай “Грек эр Зорба” киноны гол баатрын нэрээр “Zorba” гэж нэрлэсэн хувцасны дэлгүүрээ нээжээ. Гэвч тийм нэртэй өөр дэлгүүр байсан тул нэрээ яаравчлан “Zara” болгон сольсон байна.

Хамгийн сүүлийн үеийн загвартай хэрнээ хямд үнэтэй хувцас санал болгодог “Zara” дэлгүүр маш хурдан өсөн дэвжиж олон салбартай болж эхэлжээ.

Үүнээс 10 жилийн дараа Амансио Ортега “Zara” дэлгүүрийн сүлжээгээ тулгуурлан “Inditex” корпорацийг үүсгэн байгуулж, 1988 онд Португалийн Порту хотноо хилийн чанад дахь “Zara”-гийн анхны салбарыг нээжээ. Улмаар “Zara” 1989 онд АНУ-ын Нью-Йорк, 1990 онд Францын Парис гээд дэлхийн загварын ертөнцийн томоохон төвүүдэд салбаруудаа нээн амжилттай ажиллах болсон аж.

1991 онд “Inditex” корпорац “Pull and Bear” дэлгүүрийн шинэ сүлжээг нээж, “Massimo Dutti” брэндийг өөрийн болгожээ. Тус корпорац үйл ажиллагаагаа үүгээр хязгаарлалгүй 1998 онд залуу бүсгүйчүүдэд зориулсан хувцсаар төрөлжсөн “Bershka”, дараа жил нь  “Stradivarius”, дотуур хувцсаар төрөлжсөн “Oysho” зэрэг дэлгүүрийн сүлжээг нэмж үүсгэсэн нь бүгд хэрэглэгчдийн талархлыг хүлээн богино хугацаанд дэлхий даяар алдаршсан брэнд болжээ..

2001 “Inditex” корпорац хөрөнгийн бирж дээр IPO явуулан хувьцааныхаа 25 хувийг худалдан даруй 2.3 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Тэрбумтан болсон испани бизнесмен тэр жилдээ өөрийн нэрээр нэрлэсэн “Амансио Ортега” хэмээх боловсрол, шинжлэх ухааныг дэмждэг сан байгуулжээ.

2011 онд “Inditex”-ийн ТУЗ-ийн даргын албаа орхисон ч өдгөө 82 настай тэрээр корпорацийнхаа ажилд гар бие оролцсоор байгаа аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE