Ким Чен Ун Хятадад нууцаар айлчлан Си Зинпинтэй уулзжээ

“Синхуа” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун энэ сарын 25-28-нд БНХАУ-д айлчлан тус улсын дарга Си Зинпинтэй уулзан хэлэлцээ хийжээ.

Уулзалтын үеэр Си Зинпин хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг стратегийн цорын ганц зөв сонголт гээд үүнийг гадны ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Тэрээр мөн сүүлийн нэг жилийн дотор Солонгосын хойгийн байдалд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсныг онцлоод үүнд нөлөөлсөн БНАСАУ-ын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ.

Ким Чен Ун АНУ ба БНСУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг дэмжиж буйгаа мэдэгджээ. Гэвч үүний тулд Вашингтон, Сөүлийн зүгээс энх тайвныг сахих шат дараалсан бодит алхмууд хийх шаардлагатайг онцолсон байна. БНАСАУ-ын удирдагч түүнчлэн АНУ, БНСУ-тай хийх хэлэлцээнд БНХАУ-ын дэмжлэгт найдаж буйгаа илэрхийлж, хоёр орны найрамдалт харилцааг өндрөөр үнэлдгийн хувьд гадаадад хийж буй анхны айлчлалаа Бээжингээс эхэлсэн гэжээ.

Хэлэлцээрийн дараа Си Зинпин БНАСАУ-д айлчлах Ким Чен Уны урилгыг талархан хүлээн авчээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун гэргийн хамт БНХАУ-д нууцаар айлчилсан бөгөөд түүний хөлөглөсөн тусгайхуягт галт тэрэг Бээжингээс хөдөлсний дараа л БНХАУ-ыд Гадаад харилцааны яам энэ тухай албан ёсны мэдээллийг олны хүртээл болгосон аж.

Эх сурвалж: Б.Сансар

SHARE