Исландын удирдлага хөлбөмбөгийн дэлхийн цомд явахаас татгалзлаа

 

Исландын Засгийн газар ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д явахаас татгалзаж буйгаа мэдэгджээ. Мэдэгдэлд, “Их Британийн Солсберид болсон халдлагын дараа Исландын бүх ойрын холбоотон, түнш улс орнууд ОХУ-ын эсрэг арга хэмжээ авлаа. Үүний дотор ОХУ-ын удирдлагатай бүх харилцаа холбоогоо түр зогсоож байна. Иймд Исландын удирдлага ирэх зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-руу явахаас татгалзлаа” гэжээ.

ОХУ-ын Улсын тагнуулын газрын ажилтан асан С.Скрипаль болон түүний охиныг Их Британийн Солсбери хотод энэ сарын 4-нд хүчтэй хорт бодисоор хордуулсан хэрэг гарсан билээ. Лондон тус халдлагыг ОХУ үйлдсэн гэж буруутгасан ба Москва үүнийг үгүйсгэсээр байгаа юм.

С.Скрипалийн хэргээс үүдэн эхлээд Их Британи ОХУ-ын 23 дипломат ажилтныг газар нутгаасаа хөөн гаргасан бол энэ сарын 26-нд АНУ, Украин, Канад болон Европын хэд хэдэн орон мөн ижил арга хэмжээ авчээ.

Исландын удирдлагаас гадна Их Британийн Засгийн газрын төлөөлөгчид, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда хөлбөмбөгийн ДАШТ-д очихгүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн Швед, Данийн Засгийн газрууд тус тэмцээнийг эсэргүүцэн төлөөлөгчдөө илгээхгүй байх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE