Ким Чен Ун Хятад руу нууцаар айлчилсан байж болзошгүй

БНАСАУ-ын дээд удирдлага, тэр ч бүү хэл тус улсын удирдагч Ким Чен Ун Хятадын нийслэл Бээжинд хуягласан галт тэргээр нууцаар айлчилсан байж болзошгүй тухай АНУ-ын “Business Insider” сэтгүүлд мэдээлжээ. Хойд Солонгосоос Бээжингийн чиглэлд явж байсан нууц галт тэрэг Хятадын төмөр замын хөдлөгөөний хуваарьт саатал учруулсан нь анхаарал татсан байна. Тэрхүү галт тэргийг Бээжинд ирмэгц тус хотын төмөр замын буудлын хамгаалалтыг чангатгаж, лимузин машин бүхий цуваа, мотоциклтэй цагдаа нар үзэгджээ. Энд тэмдэглэхэд, түүний эцэг Ким Чен Ир 2011 мөн ийм хуягт галт тэргээр ОХУ-ын нийслэл Москвад айлчлан В.Путинтэй уулзаж байсан билээ.

Хэрэв энэ мэдээлэл үнэн гэдэг нь тогтоогдвол БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун анх удаа гадаад улсад айлчилсан нь энэ болох юм. Төрийн тэргүүн болсноосоо хойш тэрээр өөр улсын удирдагчтай өнөөг хүртэл уулзаж байгаагүй билээ. “Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар нууц галт тэрэг хил залгаа Дандун хотоор БНХАУ-д нэвтэрчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагчтай ирэх тавдугаар сарын сүүлээр уулзахад бэлэн гэж мэдэгдсэний дараа хоёр улсын удирдлага энэ асуудлаар байр сууриа нэгтгэхийг зорьсон байж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE