Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах вэ

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэв.

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллана.

  1. Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
  2. Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
  3. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  4. Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  5. Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болвол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
  6. Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
  7. Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсч радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
  8. Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
  9. Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
  10. Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
хуваалцах