Хүн төрөлхтний түүхэн дэх анхны яруу найрагч Энхедуанна

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 30 дахь чуулганы үеэр 1999 оны арваннэгдүгээр сарын 15-нд үндэсний, бүс нутгийн, даяар дэлхийн яруу найргийг сурталчлан хөгжилд нь шинэ түлхэц өгөх үүднээс жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Олон улсын яруу найргийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Тэгвэл манай эриний өмнөх 21 зуунд амьдарч байсан шумерийн Аккадын хаант улсын гүнж ба дээд лам Энхедуанна гэх эмэгтэйг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны яруу найрагч гэж үздэг билээ.

Английн археологич Леонард Вулли 1926 онд орчин үеийн Иракт Тигр, Ефрат мөрний сав нутагт малтлага хийхдээ өргөл үйлдэж буй эм ламыг дүрсэлсэн дугариг хэлбэртэй шохойн баримал олжээ. Баримлын ар талд “Саргоны охин ба Сарны бурхан Нанны эхнэр” гэсэн бичээс байсан аж. Энэ бичээсээр тухайн үеийн хамгийн хөгжилтэй, баян улс Аккадын хаан Саргоны охин, дээд лам Энхедуаннагийн дүрс мөн болохыг тогтоосон байна.

Түүний шумер бичиг үсгээр шавар хавтан дээр сийлж үлдээсэн “Бурханлиг эрчим хүчний хатан”, “Эрэлхэг хатагтай”, “Инанна, Эбих хоёр” зэрэг шүлэглэсэн зохиолуудыг өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн анхны яруу найргийн бүтээлүүд гэж үздэг юм. Энхедуаннагийн “Бурханлиг эрчим хүчний хатан”-ыг хожим Бабилоны хаант улсын үед шашны ариун нандин дуулал хэмээн хэдэн мянган хувиар хуулан бичиж байсан тул өнөөг хүрсэн шумер бичгийн дурсгалуудаас хамгийн олон хувиар олдсон ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE