Гацууртын ордыг ингэж ашиглахаар зэхжээ-2

УИХ-аас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийхийг Засгийн газарт даалгаад буй. Энэ бол 2016 оны үйл явдал. Харин нөгөө талд Гацууртын ордыг ашиглалтад оруулснаар Ноён уулын дурсгал өртөнө гэсэн байр суурьтай нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар Гацууртын орд гацаанд орсон билээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн нэхэмжлэлтэй шүүх хурал хоёр жил орчмын хугацаанд үргэлжилсээр эдүгээ 35 дахь удаагаа хойшлогдоод байна. Ноён уулыг хамгаалсан олон нийтийн зүгээс үүнийг Гацууртын ордыг ямар нэгэн аргаар урагшлуулах гэсэн санаархал хэмээн хардаж буйгаа ил тод илэрхийлсээр байгаа. Тэдний ч зөв байж болох. Учир нь 50 тонн алтны нөөцтэй хэмээн тогтоогдсон Гацууртын ордын Орд ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл аль хэдийнэ бэлэн болчихоод байна. Гэрээнд чухам ямар заалтууд орсон, Монголын тал баялгийнхаа үр шимийг хангалттай хүртэж чадах уу, Ноён уулын түүх соёлын дурсгалыг хамгаалж чадах уу, орон нутагтай хамтран ажиллах сайн гэрээ байгуулагдах уу гэдэг олон асуудал одоогоор ил тод бус байна. Харин хөшигний ард бэлэн болсон хоёр гэрээний төсөлд энэ тухай хэрхэн туссаныг харж болох төсөлд уул уурхайн салбарын эрдэмтэн хэрхэн засч залруулахыг зөвлөсөн мэдээллийг бид хүргэж байгаа билээ. Монголын Засгийн газрын эзэмших 34 хувийг орлох төлбөр, лиценз эзэмшигч нь лицензээ бусдад шилжүүлэхдээ Монголын талд мэдэгдэх шаардлагагүй зэрэг ноцтой заалтууд байгааг өмнө нь нийтэлсэн хөрөнгө оруулалтын гэрээний тухай нийтлэлд дурдсан байв. Харин энэ удаа Гацууртын орд ашиглах гэрээний төсөлд өгсөн салбарын эрдэмтний зөвлөмжийг хүргэе. Уг төсөл нь 2016 оны зургадугаар сарын 6-нд бэлэн болжээ. Энэ зөвлөмжөөс харахад Монголын тал олон улсын гэрээний загварт нийцүүлэн гэрээний төсөл бичих дадал хангалтгүй, лиценз эзэмшигчийн талын эрх үүргээсээ давуу, ялангуяа олон нийтийн анхаарлын төвд байгаа Ноён уулын дурсгал хөндөгдсөн тохиолдолд компанид үүрүүлэх хариуцлага зэргийг тусгаагүй нь анхаарал татаж байна.

                                                 Зөвлөсөн нь …

  1. Хөрөнгө оруулалтын гэрээтэй адилаар Монгол улсын Засгийн газар нь Хөрөнгө оруулагч болох Канадын Сентерра Гоүлд Нидерландс Би-Ви-Би-Эй компани, Сентерра Гоүлд Ink(толгой компани), Сентерра Гөүлд Монголия компаниудтай гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзнэ.
  2. Төслийн 1.1-ын нэр томьёоны тодорхойлолтоос “Бороогийн байгууламж” гэдгийг хасах. Тоног төхөөрөмж нь барилга байгууламж бус бөгөөд өөр хэлэлцээрийн овъектыг энэ гэрээнд оруулах шаардлагагүй гэж үзнэ.
  3. Төслийн 1.1-ын “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” гэдэг тодорхойлтод “……. хийж байгаа судалгаа”-г үнэлгээ гэнэ гэснийг өөрчилж, “судалгаа хийж гаргасан мэргэжлийн дүгнэлтийг хэлэх”-ээр найруулах.
  4. Төслийн 1.1-ын тодорхойлолтод “Засгийн газар” гэдэгт Монгол улсын Засагийн газрыг хэлнэ гэж хэн ч маргахгүй тодорхой эзэнг заасан атлаа “орд ашиглагч компани”гэдэг тодорхойлолт байхгүй байна. Иймд “Компани” гэдэг тодорхойлолтод дээр энэ саналын “1”-д бичсэн Канадын 2 компан, Монголын Сентерра Гоүлд компанийг ойлгох тодорхойлолт оруулах.
  5. Төслийн 1.1-ын “Төслийн хамрах талбай” гэдэг тодорхойлолтоос Бороогийн ордтой холбогдсон хэсгийг хасах. Өөр гэрээ, хэлэлцээрээр зохицуулагдсан, урьд ашигласан, ашиглаж байгаа талбайг  энэ гэрээний талбайд хамааруулахгүй байх.   Бороогийн ордын талбайд байгаа барилга байгууламжийг Гацууртын ордод  ашиглах нь “Төслийн хамрах талбай” гэдэгт хамаарах учиргүй болно.
  6. Төслийн 1.2.7-д “гэхдээ үүгээр хязгаарлахгүй” гэснийг “тухайлан заавал, түүний дотор” гэж өөрчлөх.
  7. Төслийн 2.2-т “…… ашигт малтмал олборлох, борлуулах” онцгой эрх олгож байгаатай холбогдуулан Төслийн үйл ажиллагааны явцад Төслийн хамрах талбайд алт, мөнгө, түгээмэл тархацтай ашигт малтмалаас өөр ашигт малтмал илэрвэл түүнийг ашиглах нөхцлийг Талууд жич гэрээгээр тухайн үед нь шийдэх талаар нэмж оруулах.
  8. Төслийн 3.5.3.1 болон 3.5.3.2-т “Засгийн газарт дэмжлэг үзүүлэх” гэснийг хасч, нутгийн иргэдэд өөрийн илрүүлсэн цэвэр уснаас хэрэглүүлэх, усны чанарыг сайжруулахад (төсөлд бичсэнээр-“усны эх үүсвэрийн чанарыг дээшлүүлэх” бус) Компани нь өөрийн боломжит бүхий л арга хэмжээ авч байхаар өөрчлөн найруулах.
  9. Төслийн 3.7.5-д “Компаниас олгосон орон байрыг …” гэснийг “Компани нь өөрийн ажиллагсдад олгох орон байрыг …” гэж өөрчлөх.
  10. Төслийн 4-р бүлэг. Уурхайн хаалтын тухай чухал заалтуудад хамгийн гол нөхцөл болох “Хаалтын сан” байгуулах тухай заалт нэмж оруулах.   Уурхайн ашиглалтын үйл ажиллагаа эхэлсний дараа жилээс тухайн жилийн борлуулалтын орлогын тодорхой хувиар “Хаалтын сан” байгуулж, уг санг аривжуулан уурхай хаах бэлтгэл хангах талаар энэ гэрээнд заавал зохино. Уг сангийн хөрөнгийн зохих хэсгийг орон нутгийн захиргааны дансанд түр байршуулаад, уурхай хаах үед хэрэглэхээр заах.
  11. Төслийн 4.7-д “…. кадастрийн бүртгэлээс хасах …” гэсний дараа “эсвэл цаашид хэрхэн ашиглах шийдвэр гаргана” гэж найруулах.
  12. Төслийн 5.2.3-д Компаний удирдлага солигдох, хувьцааны 33%, түүнээс дээшихийг Төрийн өмчийн компани эзэмшээгүй бол гэрээг бусдад шилжүүлсэн гэж үзэхгүй талаар заажээ. Манай хувьд Компаний удирдлага солигдох нь гол бус, Компаний хувьцаа эзэмшигч солигдох бол заавал урьдчилан тохирох, гэрээний явцыг дүгнэх, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгох эрх Засгийн газарт байхаар заах нь чухал. Төрийн өмчийн компани нь Компаний нийт хувьцааны 33%-иас дээш эзэмшсэн байвал гэрээ шилжүүлсэнд тооцох тухай зааж байгаа нь Монголын хуулийн зохих заалтад нийцэхгүй, манай зорилго, зарчимтай зохицолдохгүй байгаа бус уу?
  13. Төслийн 5.3.4.3-д “… тухайлбал геологийн мэдээлэл болон ашигт малтмалын нөөц” гэснийг “….тухайлбал Монгол улсын оюуны өмчийн байгууллагаас “нууц” гэж тогтоосон оюуны өмч” гэж өөрчлөх. Гацууртын хэл ам,  шүүмж, эсэргүүцэл ихтэй ордын геологийн бүх мэдээлэл, ашигт малтмалын нөөцийн хэмжээг ард иргэд, олон түмнээс нууж, мэдээлэхгүй байх боломжгүй  гэдгийг  Талууд ойлгож анхаарвал зохино. Эдгээр мэдээллийг иргэдээс нуувал Гацууртын ордын ашиглалтын тухай асуудал томоохон эсэргүйцэлтэй тулж, урьдчилан тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсч болохыг сайтар бодолцох. Хэрэв нууцлавал                                                                 50тн алт бус, 500тн алтыг Сентерра Гоүлд Ink, Монголын Засгийн газрын зарим нөхөд хувааж идсэн тухай хоосон хардлага, хэл ярианд орохыг үгүйсгэж болохгүй байх.
  14. Төслийн 5.4.1-д “… Тодруулбал, Компаний үйлдэл, эсхүл арга хэмжээ авч чадаагүй …” гэсний дараа үргэлжлүүлэн … Ноён уул, Бороогийн орчны бүс нутгийн соёлын өвийг хамгаалах арга хэмжээг Компани аваагүйн улмаас … гэж нэмж оруулах. Энэ нь аль аль талын хариуцлагыг өндөржүүлэх, Ноён уулын соёлын өвийг хамгаалагчдийн эсэргүйцэлд хариу болгон давагдашгүй нөхцөл, заавал биелүүлэх шаардлага гэдгийг зааж байгаа чухал заалт болох болно.
  15. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ижил заалтуудын талаар урьд өгсөн саналыг хамтад нь анхаарахыг хүсье гэжээ.
SHARE