Тагнуулч С.Скрипалийн хэрэгт нэгэн хосыг сэжиглэж эхэлжээ

Их Британийн цагдаагийн газар ОХУ-ын Улсын тагнуулын газрын хурандаа асан С.Скрипалийг хордуулсан хэрэгт холбоотой хэмээн нэгэн хосыг сэжиглэн эрэн сурвалжилж эхэлжээ.35-40 насны хар үстэй эрэгтэй, шаргал үстэй эмэгтэй хэд хэдэн газар С.Скрипалийн хажууд харагдсан бөгөөд хордуулсан өдөр нь ОХУ-руу ниссэн гэнэ.

ОХУ-ын тагнуулч байгаад Их Британийн тусгай албаны ажилтан болсон С.Скрипалийг охиных нь хамт хордуулсан хэрэг олон улсын хэмжээний дуулиан тариад байгаа билээ. Лондон Москвагаас Их Британийн газар нутагт цэргийн хордуулах бодис хэрхэн орж ирснийг тайлбарлахыг шаардаж байгаа бөгөөд болсон үйл явдлыг ОХУ-ын шууд түрэмгийлэл гэж үзэх болно гэсэн юм.

Энэ сарын 4-нд С.Скрипалийг охин Юлиягийн хамт Солсберийн цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр ухаан алдсан байхад нь илрүүлж эмнэлэгт хүргэжээ. Одоо тэр хоёр ухаан ороогүй бөгөөд амь насыг нь аварч чадвал энэ хэргийн сэжүүр тодорхой болох биз ээ. Ер нь хорт бодист 21 хүн, үүний дотор хэргийн газар хамгийн түрүүнд очсон цагдаагийн дэслэгч Н.Бейли хүнд, хөнгөнөөр  өртсөн юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE