Евгения Медведева: Би багаасаа аниме кино, К-поп хөгжимд татагдсан

Пёнчаны олимпийн наадамд хос мөнгөн медаль хүртсэн Оросын уран гулгагч бүсгүй Евгения Медведева “Сплетник” интернет сэтгүүлд ярилцлага өгчээ.

-Олимпийн наадмын үеэр та дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Энэ тухай мэдээд та юу гэж бодсон бол?

-Өөрийгөө даван туулж зөв чиглэлд явж буйгаа л дахин ойлгосон. Ололт амжилт хэдий их ч өөрийнхөө урд илүү өндөр зорилт тавьж түүндээ хүрэх хүч гаргах шаардлагатайг мэдэрсэн гэх үү дээ.

-Таныг Алина Загитоватай үргэлж харьцуулдаг боллоо. Иймэрхүү харьцуулалт, та хоёрын дунд өрсөлдөөн, бүр сөргөлдөөн үүсгэх нь дарамт үзүүлдэг үү? Та хоёрын дасгалжуулагч та хоёрт өөр өөрөөр ханддаг байх даа. Ер нь Алинатай дасгал сургуулилтын үеэр таардаг уу?

-Нэг дасгалжуулагчтай байх нь Алина бид хоёрыг улам ойртуулдаг. Олимпийн аварга болсон Алинагийн өмнөөс баярлаж байна. Тэр үнэхээр мундаг байсан шүү.

-Таны тоглолтыг эцэг эх тань байнга үздэг байх. Гэр бүл тань таныг яаж дэмждэг бол?

Ямар ч хүнд гэр бүл гэдэг хамгийн гол шүү дээ. Миний гэр бүл гэдэг бол би, ээж, эмээ. Дээр нь манай нохой бий. Тэр ч гэхдээ биеэ даагаад өөрөөрөө явдаг л даа (Инээв). Миний гэр бүл тэр чигээрээ уран гулгалтаар амьдардаг. Үүгээр бид бүгд өвчилсөн гэх үү дээ. Ээж минь ихэвчлэн зайнаас намайг дэмжин хардаг юм. Харин P&G “Спасибо, мама!” хөтөлбөрийн тусламжтайгаар ээж, эмээ хоёр минь Солонгост ирж намайг биечлэн дэмжсэн юм. Олимпийн наадамд тэр хоёр минь ирж намайг дэмжсэн нь надад их чухал байсан.

Чухам ээжийнхээ ачаар л би их спортод хөл тавьсан хүн. Тэр анх намайг уран гулгалтын дугуйланд дагуулан оруулж билээ.

-Их спортод хүйсний эрх тэгш байдал ямар бол. Эрэгтэй тамирчдаас та нарт арай өөрөөр ханддаг уу гэж асуух гэсэн юм?

-Их спортод хүйсний ялгаа байхгүй. Зөвхөн дасгал сургуулилт, тэмцээн уралдаан л бий. Хүйс энд нэг их үүрэг гүйцэтгэдэггүй.

-Гэвч эрэгтэй, эмэгтэй тамирчдын шагнал урамшуулал ялгаатай биш гэж үү?

-Энэ асуудлыг шагнал урамшууллыг шийддэг хүмүүст тавих нь зөв болов уу.

-Таныг Японы аниме хүүхэлдэйн кино, Солонгосын поп хөгжимд дуртай гэсэн?

-Тийм шүү. Би багаасаа л аниме, К-поп хөгжимд татагдсан.

-Та кинонд дүр бүтээх талаар бодож байсан уу?

-Кинонд тоглох надад тохиромжтой гэж бодохгүй байна.

-Танд ямар эрчүүд таалагддаг вэ. Жишээ нь, уран зохиол, номын баатрууд гэвэл?

-Надад Японы найруулагч Хаяо Миязакигийн “Хаулын явдаг цамхаг” аниме киноны гол баатар таалагддаг. Бодит эрчүүдийн тухай ярих арай эртдэх байх.

-Гэхдээ таалагддаг эр жүжигчин байхгүй гэж үү?

-Дэвид Теннант давгүй.

-Та гоо сайхны газруудаар ордог уу?

-Нэг их ордоггүй ээ. Тийм зав ч гардаггүй юм. Энгийн амьдрал, тэмцээн уралдаанд би нүүр амаа өөрөө л буддаг. Үсний хувьд ч ялгаагүй. Би тэмцээнд ямар үсний засалттай байх аа өөрөө л шийдчихдэг дээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE