АН-ын гишүүд тэгш эрхтэй, лидерүүд нь бүр илүү тэгш эрхтэй

Ардчилсан намын 180 мянган гишүүн бүгд тэгш эрхтэй. Түүн дотроос гарын арван хуруунд тоологдох лидерүүд нь бүр илүү тэгш эрхтэй. Илүү тэгш эрхтэй тэдгээр гишүүд бол Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, До.Ганболд тэргүүтнүүд юм. Үүх түүхийг нь сөхөж үзвэл тэд 1990 оны Ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан хэдэн зуун хүний л нэг. Зарим нэг нь хожуу Ардчиллынхантай ганзага нийлүүлсэн байх. Гэхдээ эдгээр хүмүүс өнөөдөр бүгд “Ардчилал” гэх нэрийн дор зангидагдаж яваа улстөрчид. Зарим нь удаа дараа нам, төрд өндөр албан тушаал хашиж явсан дарга, сайд сэтэртэй учраас “Лидер” хэмээх албан бус цол гуншинтай болцгоосон. Бараг л насаараа сайд, дарга хийсэн гэвэл буруудахгүй. Тиймээс намынхандаа энэ зангаа гаргачихаад байдаг гэмтэй. Тодруулбал, саяхан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 30 хувь дээр ротаци буюу Эргэлтийн сонгууль зарласан. Н.Алтанхуягийг намын даргын тамга гардсанаас хойш бүтэн 8-9 жил завсарлаад байсан ротаци эргэн ирсэн нь энэ намыг эрүүлжүүлэх, тогтмол цусыг нь сэлбэж байх зөв бодлого эргэн ирсний баталгаа байв. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам шинэчлэгдэж байгааг илтгэх гол шалгууруудын нэг нь энэхүү мартагдаад байсан ротаци юм.

Үүнийг Баабар тэргүүтэй бизнес, улстөрийн бүлэглэлийнхэн зориуд мушгин гуйвуулж “Ардчилсан нам гишүүдээ хөөлөө. Хаслаа” гэх зэргээр олон нийтэд буруу ташаа ойлголт өгөх гэсэн зорилготой хар пи ар явуулсан. Мөнөөх “хасагдсан” гэх тодотгол зүүсэн лидерүүд ч гомдлын мөр холбож зурагт, радиогоор чамгүй ярилаа. Эндээс нэг л зүйлийг онцлоход Ардчилсан намын жирийн гишүүд жигд тэгш эрхтэй, жир бус лидерүүд гэх тодотголтой гишүүд нь илүү тэгш эрхтэй байх ёстой юм байна. Зүйрэлбэл, амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй гэдэгтэй л адил зүйл болж байна.

Нийтдээ 100 гаруй хүн ротацид орсноос Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нарын тав хүрэхгүй хүн хэл ам хийж, хэвлэл, сошиалаар захиалгат гүтгэлэг тарааж байгаа нь Ардчилсан намын жирийн гишүүдэд таалагдахгүй байгаа төлбөрт нийтлэлийнх нь доорхи сэтгэгдлүүдээс харж болно. Агуулгаас нь түүвэрлэвэл, Ардчилсан намын үе үеийн гишүүдийн нуруун дээр гишгэж улстөрийн өндөрлөгт хүрч, аль л өнгөтэй өөдтэй албан тушаал бүхнийг хашиж явсан эдгээр эрхмүүд жирийн гишүүддээ зиндаархаж, намын Үндсэн дүрэмд огт байхгүй илүү эрх эдлэх гэж улайрч буйг гайхаж бас эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн байв. Мөн  Бороо гоулд, Тавантолгой, Оюутолгойн гадаад эздийн гар хөл болж улсынхаа үдэсний аюулгүй байдал, эрх ашигт харш зүйл ярьж, бичиж, сурталчилж явдаг  бүлэг хүмүүс намынхаа эсрэг суртал ухуулгыг мөнгө хаяж хийж байгаад намын гишүүд нь дургүйцэж, энэ завшааныг ашиглаад намын, цаашилбал улсынхаа нэр хүндийг харлуулж байдаг олигархиудаасаа салах хэрэгтэй гэсэн байв.

Тэрчлэн ротацид орсон 100 гаруй хүний 80 хувь нь өөрсдийнхөө оролцоо муу байсныг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Дотоод сонгуульдаа дахин өрсөлдөхөөр болсон байна лээ. Үүн дотор экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр ч бий.

Ер нь аль ч намд дархлагдсан, дүрмээс гажууд хүсэл шаардлага тавьдаг түүнийг нь биелүүлэхгүй бол намаасаа гарна, хагална бутаргана хэмээн айлгадаг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд бол мөнөөх л “Лидер” гэх гуншин зүүсэн эрхмүүд юм. Ардын намд С.Баяр, М.Энхболд, Сү.Батболд, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж гэх зэрэг үеийн үед өндөр албан тушаал хашиж байх сонирхолтой. Тэрхүү хүслийг нь биелүүлэхгүй бол элдвээр айлган сүрдүүлж, огцруулна, хагална хэмээн сүрдүүлж байгаад хүссэнээ аваад сурчихсан хүмүүс байдаг. Ардчилсан намд ч ялгаагүй тийм л хүмүүс нь үймээн дэгдээж, элдэв хэл ам гаргаж, илүү эрх нэхэж явна.

Аль ч намын бай ийм араншинтай хүмүүсээсээ жирийн гишүүд, дэмжигчид нь залхаж бүгд тэгш эрхтэй байхыг шаардаж байгаа нь олзуурхмаар. Хэдий болтол жирийн гишүүд нь нуруугаа авахуулсан морь шиг явж, лидер нэр зүүснүүд нь тэднийхээ хүч нөлөөг ашиглаж даргын суудалд тухлах билээ дээ. Тэгээд ч АН, МАН хоёр МАНАН бүлэглэлийг бүрдүүлдэг эдгээр төлөөллүүдээсээ салж байж л дахин иргэдийнхээ, гишүүдийнхээ итгэлийг олж авах учиртай.

Эх сурвалж: news1.mn 

SHARE