Б.Содномдаржаад итгэнэ, итгэхгүй

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонсоод буй Б.Содномдаржаа Төв аймгийн Баянчандмань дахь Тахир соёотын хорих ангиас ар гэрийнхэндээ хандан захидал илгээжээ. Түүний захидлаас сийрүүлбэл “…Монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл маш их итгэж байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан. Тэгтэл хүнийг ондоо зүйл ангиар ахин хохироолоо. Энэ ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй, дөрвөн байцаагчийн буруу ажиллагааг дэмжиж, тэр ажиллагааг ноцтой дэмжиж туслалцаа үзүүлсэн хоёр прокурорын үгэнд манай Монголын шүүхийн бүрэлдэхүүн итгэж, гэмгүй хүнийг дахиад л хохироох талдаа оруулсан. Манай өмгөөлөгч тухайн үед надтай хамтарч ажиллан үнэн шударгаар ярьсан бол би өөрөө хэлж ярих юмаа ямар ч шүүх хуулийн өмнө ярих байсан…2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр ингэж сэтгэл санаа хямарсан үедээ надад нэг л мансууруулах эм дээр нь өгөхөөр би хүний үгийг ёстой нэг тоть аятай хэлдэг болчихдог юм байна лээ. Тэгээд болоо! Тэгж хэлүүлж аваад л одоо чи нар үзэхгүй энэ хэрэгт бүх оролцсон хүнээ хэл гээд л шууд тулгадаг….Хэлмэгдэлтийн шүүх хурал 2016 оны 12-р сарын 21-нд хуралдсан. Энэ хугацаанд би шүүх бүрэлдэхүүнийг одоо үнэн мөнөө шалгуулж аваад, гэртээ хүүхдүүд болон хань та бүхэндээ очно доо гэж маш их бодож байсан. Тэгтэл аль хэдийнэ шүүхийн байгууллагын хүмүүст прокурорын байгууллагын Батжаргал, Сандагсүрэн хоёр нөгөө тагнуулын дөрвөн байцаагчийн буруу ажиллагаа хийсэн 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг худлаа хэргээ байцаагч прокуроруудтай үгсэн нийлж, амьдралын төлөө үр хүүхдээ тэжээж яваа гэмгүй хүмүүсийг дахиж хохироосон нууцын нууц гэдэг ялаар одоо хүртэл хохироож байна….Шүүх хурал 2017 оны 3 сарын 14-нд болсон. Би дотроо үнэхээр Монголын шүүх үнэн зөв шийдэх юм бол намайг одоо л баараа байхгүй гаргана гэсэн. Шүүх хурал болсон. Батжаргал, Сандагсүрэн хоёр бас л 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг худлаа ялаа шүүх дээр хэлсэн. Шүүгч ямар үндэслэлээр энэ хүмүүсийг яллаж байгаа вэ гэж Батжаргал прокуророос нэлээн юм асууж сандаргасан. Тэр үед Батжаргал прокурор асуултад хариулж чадаагүй ширээндээ суусан. Тэгээд л шүүх хурал тэр үед шийдэж чадаагүй….Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй харанхуй, хааш хаашаа 2 м газар цонх байхгүй өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт шахалт хийх, өрөөнд хүн оруулж өөдөөс нь дайр гэж ятгах, хажуугийн өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх, эхнэр маань төрөөгүй байхад эхнэр чинь төрсөн. Энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхдэдээ оч гэхчилэн янз янзын сэтгэл санааны болон бие эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотроо бодож суудаг юм аа…” гэжээ.

Түүний эл захидлаас олон зүйлийн учиг тайлагдаж, бас шинээр олон зүйл асуултын тэмдэг бий болгож, эргэлзээтэй, хардлага төрүүлэхээр ч асуудал олон байна. Нэг үгээр Б.Содномдаржаагийн энэ бичсэнчлэн хууль, шүүхийнхэн үнэхээр энэ гурван хүнийг хэлмэгдүүлж байгаа бол яах вэ, эсвэл тэд яагаад энэ тухай өмнө нь хэлж бичиж болсонгүй вэ?

Одоогоос яг 20 жилийн өмнөх Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг амь насанд хэрцгийгээр халдсан хэрэгт хөдөө орон нутгийн гурван хүн буруутсанд одоог хүртэл ард түмэн итгэдэггүй. Ялангуяа хэрэг гарах үед насанд хүрээгүй Д.Амгаланбаатар, Орхон аймагт аав ээжтэйгээ мал дээр байсан Б.Содномдаржаа, нялх нойтон хүүхэдтэй тогооч Т.Чимгээ гурав. Хаанаас хэний захиалгаар хаа холын ард амьдралтай ийм гурван хүн үгсэж нийлээд хотод ирж нэртэй улстөрчийн аминд өчилгүй халдах болсон эргэлзээтэй. Учир нь энэ хэргийн захиалагч хэн болох нь одоог хүртэл тодроогүй, хуулийнхан хайсаар байгаа гэх. Улс төрийн захиалгат аллагын захиалагч олдоогүй байхад гүйцэтгэсэн гэх хүмүүсийг гурван шатны шүүхээр ялласан нь хэргийг гэмгүй хүмүүст нялзааж хаах гэсэн оролдлого гэж хардах хүмүүс олон. Тэдний зөв ч байж мэдэх.

С.Зоригийг хөнөөсөн хэрэг сонгууль бүрийн өмнө хэн нэгний амлалтын бай болдог жишиг өнгөрсөн хугацаанд хангалттай байв. Сонгууль болохоор л “Энэ хэргийг илрүүлнэ” гэж ард түмнээс оноо аваад парламентад суусан хүмүүс олон. Тэр бүхний эцэст тэр хүмүүс биш, хуулийнхны олж илрүүлсэн энэ гурван хүний тухайн үеийн нөхцөл байдал, ар гэрийнхний гомдол нэг л эргэлзээтэй болохыг нуух юун. Тиймээс Б.Содномдаржаа гурван шатны шүүх хэргийг цагаатгана гэж итгэж байсан байж болох. Түүний захидалд ч энэ тухай тодорхой дурджээ. Түүнийг зөвтгөх бас нэг үндэслэл нь хуулийнхан Б.Содномдаржаа нарыг хэргийг үйлдсэн болохыг Монголын ард түмэнд итгүүлэх гэсэн оролдлогууд. Хэргийн мөрдөн байцаалтын явцад нэр н.Сандагсүрэн нарын прокурор МҮОНТВ-ын ярилцлагын цагт орж шүүгдэгчид хэргээ хэрхэн хүлээж, тайлбарлаж байгаа дүрс бичлэгийг түгээсэн. Мөн гурван шатны шүүх хурал дууссаны дараа УЕПГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэрэг 20 жилийн дараа гэх бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТВ-ээр цацав. Хэрэг бүрэн шийдвэрлээгүй байхад хэн ч хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн хуультай. Тэгвэл хуулийнхан өөрсдөө Б.Содномдаржаа нарыг буруутай мэтээр хэргийн дундуур баримтууд дэлгэсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнийг харсан хүмүүс хуулийнхан энэ хүмүүсийг хэрэгт буруутгахын тулд улайрч байна гэж байлаа. Тиймээс  Б.Содномдаржаа захидлаараа өнөөгийн хууль шүүхийнхний үнэн төрхийг илчилсэн хэрэг байлаа.

Харин нөгөө талд Б.Содномдаржаа нар хэрэг шалгагдсан ийм их хугацаанд яагаад энэ тухай дуугарсангүй вэ. Хүний амь насанд зэрлэгээр халдсан хэрэгт буруутган амьдрал, ар гэрээ золиослох болчихоод байхад дуугүй байсаар ирсэн. Мөрдөн байцаалт, шүүх хурлын явцад алинд ч. Гэм хийгээгүй хэн ч амьдралаараа тоглуулахыг хүсэхгүй. Үүнийг ар гэртээ Монголын ард түмэнд энэ захидал шигээ тухайн үед тайлбарлах боломж байсан байж таараа. Энэ хүртэл дуугүй байсан нь хэргээ хүлээсэн мэтээр олон нийтэд ойлгогдож байв. Тиймээс Б.Содномдаржаагийн захидалд итгэхгүй байна.

Ямартаа ч Монголын нэрт улстөрчийн амь насанд халдсан хэргийн буруутнууд гурван шатны шүүхээр ял сонсон энэ хэрэг шийдэгдэх талдаа орлоо. Одоо захиалагч нь хэн байв гэсэн асуулт л үлдэж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE