Засгийн газар “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлөх хувилбарыг сонгожээ

“Жаст” группын захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас олон сая долларын зээл авсан нь өдгөө өр болж ирээд байна.

Энэ өрийг хэрхэх вэ гэдэг У.Хүрэлсүхийн Засгийн газрын “шүдний өвчин”, сөрөг хүчин АН-ын “өгөөш” болоод байгаа. Бас МАН дахь “сөрөг хүчин”-ий Засгийн газартайгаа хариуцлага тооцож, огцруулах шалтгаан болж буй юм. Гэхдээ Засгийн газар энэ өрийг төлсөн нөхцөлд ийм зам нээгдэнэ гэсэн үг.

Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар шийдвэр гаргах талаар толгойгоо гашилгаж байгаа юм.

Ингэсээр эцэст нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн данснаас энэ 100 гаруй сая долларыг гаргаж “Стандарт” банкинд шилжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа гэх мэдээлэл байна.

Ингэхээс аргагүй нөхцөл нэгэнт бүрдсэн гэж сайд нар үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хэрвээ өрийг төлбөл Засгийн газрыг энэ асуудлаар дэгээдэж унагах хүний, өөрийн намын нөхдийн дайралтаас айгаад юу ч шийдэхгүй сууж болохооргүй байдал үүссэн байна. Тэр гарцаагүй шалтгаан нь Монгол Улс, түүн дотроо “Эрдэнэт үйлдвэр” энэ өрийг төлөх ёстой гэсэн Олон улсын арбитрын шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан. Төлөхгүй удаад байвал хоног тутамд хэдэн сая төгрөгийн хүү бодогдоод эхэлсэн. Нөгөөтэйгүүр буруутай этгээдүүдийг хуулиар тогтоож төлүүлнэ гэхээр хоногийн хүү урссаар өр улам нэмэгдэж буй юм байна.

Харин Засгийн газар өр төлөхтэй зэрэгцүүлээд тухайн үед хариуцлагатай алба хашиж байсан зарим хүнд хуулийн дагуу шийдэж, хамгийн гол нь өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд нөхөн төлүүлэх арга хэмжээ авах тал дээр ихээхэн анхаарч ажиллана. Ер нь бол буруутай этгээдүүдээр заавал төлүүлнэ гэсэн шийдэлд хүрсэн байна.

Ингүүлэх хүмүүсийн нэр нэгэнт тодорхой. Тэр үед ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал байсан Ч.Ганзориг, “Жаст” группын захирал байсан  Ш.Батхүү нараар эхэлнэ. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү Цэцийн гишүүний бүрэн эрхийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар Цэцэд хандахаа мэдэгдсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Цэцэд сууж байгаа нэр бүхий этгээдтэй холбоотой гэж байгаа юм.

Энэ ажил тийм ч амаргүй гэдгийг Засгийн газрын гишүүд ойлгож буй аж. Дээрх этгээдүүд намынх нь гишүүд, бас тус намын томоохон лидерийн нэр ч үүнтэй холбогдож байгаа. Тийм учраас Засгийн газар руу хаана хаанаас нь улс төрийн дайралт, цохилт ирэх нь мэдээж.

Юутай ч, энэ бүхний эцэст Засгийн газар сөрөг хүчнийхээ болон өөрийн намын зарим хэсэгтэй “Стандарт” банкны өрнөөс болж ширүүхэн үзэж магадгүй нь бололтой.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE