Амрааж байгаад архидуулдаг Монгол Төрийн бодлого хэрэгтэй юу?!

 

Шуудхан хэлэхэд, манай монголчууд залхуу хойргоороо алдартай. Хүн бүр шахам зүгээр сууж байгаад баяжихыг, томрохыг боддог болсон цаг.

Ардчилал айлчлахаас өмнө хөдөлмөр хийнэ гэдэг сайхан ойлголт байлаа.

Харин өнөөдөр дээр хэлсэнчлэн хялбархан амьдрах хүсэл зонхилох болсон юм.

Угтаа энэ нь Монголын улс төр, нийгэмд шударга бус ноёлсонтой холбоотой.

Түүнчлэн үүнийг Төр дэврээгээд байгаа гэвэл хилсдэхгүй. Магадгүй, иргэд залхуу байх нь эрх барьж байгаа улстөрчдөд ашигтай байдаг байж мэднэ.

Өчигдөр МАРТ-8 болж өнгөрлөө. Нийтээрээ баярлав. Хуулийн дагуу 8-ны өдөр амарчихаар 7-нд ажил төрөл, найз нөхөд гээд энэ өдрийг тэмдэглэчихэж байгаа юм.

Харамсалтай нь үүнийх нь цаана гуравдугаар сарын 7-ны өдрийн төрийн ажил нэг тиймэрхүү, сулдаа ганхсан өдөр болж байгаа хэрэг. Тэгэхээр бүтээмж ямар байх нь тодорхой. Ирэх долоо хоногоос Цэргийн баяр гээд гуравдугаар сарын 18-ныг угтсан өрүүд үргэлжилнэ.

Манайд Нийтээр тэмлэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль гэж бий. Энэ хуулийн 3.1.1-т “…“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ” гэж заажээ.

За тэгээд, нийтээр тэмдэглэх баярын өдөрт Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15, Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3; Шинэ жил: 1 дүгээр сарын 1; Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29, Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26-ны өдрийг хэлээд бүх нийтээрээ амрах өдөр болгон хуульчилсан юм.

Ингэээд харахаар Монголын төр иргэдээ албан ёсоор амрааж байгаад архидуулдаг болж таарч байгаа хэрэг.

Дээрх баяруудын аль нэг дөхөөд ирэхээр ямар ч ажид явахгүй, зогсоно. Та бүхэн мэлэж байгаа даа, “…Цагаан сарын дараа, …Наадмын дараа, Шинэ жилийн дараа” гэдэг яриа бидний дунд нэгэнт тогтсон.

Гадаадынхан бол үүнийг ойлгох ч үгүй.

Нөгөөтэйгүүр иргэд биднийг баяр тэмдэглээд манарч, мансуурч явах хооронд эрх баригчид юу хийдэг вэ гэдгийг давхар бодох хэрэгтэй юм.

Баярын дуулиан шуугиан дунд төрийн томоохон шийдвэр гарсан байх нь хожим илэрлдэг явдал олон бий шүү. Мэдээж хэрэг тэр нь маш их маапаантай шийдвэр байдаг.

Энэ мэт томоохон зүйлд санаа зовохгүй байж болох ч байсгээд л болдог баярын хоморгонд монгол айл өрхүүд эдийн засаг санхүүгийн хямралаа зузаатгасаар байгааг бас бодох ёстой юм.

Тийм учраас амрааж байгаад архидуулаад байдаг Монгол Төрийн бодлого хэр оновчтойг эргэж харах цаг болсон юм шиг байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE