АН-ын их зодооны эхлэлийг С.Эрдэнэ өөрөө тавилаа

АН-ын Дотоод сонгуулийн хороо өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралджээ. Ингээд 2018 оны гуравдугаар сарын 3-ны бямба гаригт АН-ын Дотоод сонгуулийг товлон зарлах тухай 04 тоот тогтоолыг гаргасан байна.

Энэ тогтоолд зааснаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний эргэлт /ротаци/-ийн сонгуулийг энэ сарын 3-ны өдрөөс эхлэн зарлажээ.

Мөн Үндэсний бодлогын хорооны сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг өнөөдөр /2018.3.5./-өөс эхлүүлж, 7-ны 20:00 цагт, Нийслэл, аймаг, дүүргийн эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчийг мөн өнөөдөр эхлүүлж, 10-ны 20:00 цагт дуусгахаар шийдсэн байна.

Тэгэхээр энэ сонгуулиар АН-ын Үндэсний бодлогын хороо /хуучнаар ҮЗХ/-ны гишүүд өөрчлөгдөж, шинэчлэгдэнэ гэсэн үг.

Гэхдээ үүний цаана нэг том асуудал явж байгаа тухай АН-ынхан шивнэлдээд эхэллээ. Юу гэвэл, энэхүү ротаци-аар С.Эрдэнэ, З.Энхболд нар буюу одоогийн АН-ын удирдлагууд “их цэвэрлэгээ” хийх гэж байна гэж АН-ынхан ярьж байна.

Өөрөөр хэлбэл, энэ ротаци-ийн дүнд АН-ын Үндэсний бодлогын хороо “Шонхор” фракцийнхнаас бүрдэнэ гэж байна.

Ийм дүнд хүрэхийн тулд ротаци-ийн сонгуульд нэр дэвшиж буй АН-ын лидерүүдийг фракц өөр л бол унагахаар төлөвлөсөн бололтой.

АН-ын дүрмээр Үндэсний бодлогын хорооны гишүүдэд төв нам, аймаг, нийслэл, дүүргийн намын хороо, гишүүдээс гээд нийтдээ 100 оноог өгдөг байна. Энэ үнэлгээгээр л АН-ын нэр бүхий олон лидер намын гадна гарах магадлал өндөр байгаа юм.

Тухайлбал, ротаци-ийн сонгуульд өрсөлдөхөөр нэр нь зарлагдсан Р.Амаржаргал 0 оноо, Э.Бат-Үүл, 18 оноо, Ч.Сайханбилэг 10 оноо “авсан” байгаа юм.

Сайн ч муу ч АН-ын нэрийг насаараа тахалж яваа хүмүүс шүү дээ, тэд. Харин тэд С.Эрдэнэ даргын өнгөн дээр намын сул гишүүн болж үлдэх нь тодорхой болж байх шиг байна.

Тэднээс гадна тааруухан оноотой лидерүүд олон байна. АН-ын Алтангадас, МҮДН, МоАХ, Нэг ардчилал фракцийнхан ийм маягаар тойргийн гадна гарч таарах нээ.

Явж явж энэ нь  2020 оны УИХ-ын сонгуульд дээрх хүмүүс нэр дэвших боломж багатай болно. Дэвшлээ гэхэд С.Эрдэнэ даргын өмнө их л доор мэхийж байж нэр дэвших эрх олж авна гэсэн үг.

Иймэрхүү үйл явдлуудыг үзсэн АН-ынхан “…Энэ нам ч Эрдэнэ вангийн хошуу болох замдаа шуударлаа, хөөрхий” хэмээн шогширцгоож сууна.

Нөгөөтэйгүүр АН-ын энэ олон фракц, тэр олон гишүүд С.Эрдэнэд зүгээр ингүүлээд сууна гэж юу байхав. Тэд ойрных энд тэнд сүрхий уулзалдах болсон байна. Тэр бүү хэл, 2-3 фракцаараа хүртэл нийлж нэгдэж байгаа мэдээлэл байна.

 

Тэдний зорилго тодорхой. С.Эрдэнийн иймэрхүү ажиллагааг л эсэргүүцэж байгаа юм.
Ер нь бол явж явж АН-д удахгүй болох их зодооны эхлэлийг С.Эрдэнэ өөрөө тавьчихлаа гэж ажиглагчид хэлж байгаа нь үнэний ортой бололтой дог.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE