Эмерит профессор гэнэ үү….

Уржигдар утас жингэнэн надад нэгэн урилгын зар ирлээ.
-Та Товуудорж зохиолч уу. Равдан багш …профессор цол авах ёслолын үйл ажиллагаа нөгөөдөр 15 цагт МУИС-ийн дугуй танхимд болно. Таныг урьж байна. Таны урилгыг яаж хүргэж өгөх вэ? гэв. Би, тэр үед нь очъё. Тэгэхэд урилгы чинь авъя гэв. Э.Равдан бол миний нутгийн бөгөөд багын найз. Нөгөө талаар МУИС-суралцсан үед гадаадын уран зохиолын хичээлийг оросоор бидэнд заасан багш. Бид хоёр их бага хэмжээгээр холбоотой андууд. Урьд нь профессор цол авсан байх учиртай. Хачин юмаа гэж бодлоо. Тэгээд заасан хугацаанд очиж, урилга авч ёслолын хуралд сууж сонирхлоо. Урилга нь:
“Эрхэм хүндэт С.Товуудорж Танаа.
Монгол улсын гавъяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Э.Равданд МУИС-ийн ЭМЕРИТ ПРОФЕССОР цол олгох ёслолд саатан морилохыг урьж байна.
Ёслол 2016 оны 3-р сарын 2-ны өдрийн 15 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Эрдмийн дугуй танхимд болно. ХӨТӨЛБӨР.
.Ёслолын нээлт
.Эмерит профессорын энгэрийн тэмдэг, диплом гардуулах
.Зочид, шавь нараас баяр хүргэж үг хэлэх
.Э.Равдан профессор бүтээлийн дээжээс гардуулах
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, МУИС-ийн ОРХОН сургууль” гэжээ.
Энэ ажиллагаанд МУИС,МУБИС, хувийн зарим их дээд сургуулийн эрдэмтэд оролцлоо. Ёслолын үйл ажиллагаа хүндэтгэлтэй аятайхан болж өнгөрлөө. Э.Равдан бол МУИС-д тавиад жил багшлахдаа Хэл шинжлэл, Олон хэлний боловсрол судлал, Монголынхоо газар нутгийн түүхэн нэрийн талаар судалгаа хийж эдгээр салбарт үнэт хувь нэмэр оруулахуйц олон дорвитой бүтээл туурвисан манай улсын нэр хүндтэй эрдэмтэн гэдгийг ч ярьж байна. Иймд түүнд ямар ч хүндтэй цол олгоход гайхах зүйл үгүй буюу. ЭМЕРИТ ПРОФЕССОР гэдэг хүндтэй цолыг МУИС шинээр бий болгоод түүнийг анх удаа хүртэж буй эрдэмтэн нь Э.Равдан ажээ.
Харин би ЭМЕРИТ ПРОФЕССОР гэсэн үгийн талаар иргэн хүний хувьд санаа бодлоо хэлмээр ам хэл загатнаад элдэв санаа төрөөд амар заяа үзүүлдэггүй. Учир нь ЭМЕРИТ гэдэг үгийн хувьд жирийн монгол иргэд бүү хэл “жижүүр” сэхээтнүүд учры нь олж хужры нь тунгаахад бэрх бололтой. Тиймээс манай албан тушаалтнууд, зарим сэхээтэн оньсого мэт шууд ойлгоход бэрхтэй гадаад үгэнд яасан ч дуртай юм бэ. Тэр гадаад үгийг монгол хүн ойлгоод хүндэтгэн үзэх үгээр яаж илэрхийлэх вэ гэж боддоггүй, сэтгэхүйн тураалтай юм уу гэсэн бодол төрүүлж дотор арзагнуулах нь яршигтай.
ПРОФЕССОР гэдэг үгийн хувьд монгол хэлний хэрэглээнд ороод удлаа. Их, дээд сургуульд удаан жил ажилласан багш ийм зүүсгэл чимэгтэй, цолтой болдог гэж жирийн иргэд эрхбиш ойлгож төсөөлдөг байх. Ц.Дамдинсүрэн “Орос Монгол толь”-доо профессор гэдгийг\ профессор, эрдэмтэн багш\ гэж тайлжээ. Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”-доо \Профессор 1.Эрдэмтэн, дээд сургуулийн багш нарын тэргүүн цол: 2.мөнхүү цолтой хүн\ гэсэн байна.
Молхи би Эмерит гэсэн үгийн утгыг мэдэхгүй тул нэрлэхэлгүй, уранзохиол судлаач доктор Д.Галбаатараас асуулаа. Тэрбээр “Шинээр би болгосон юм. Шилдэг, шалгарсан гэсэн утгатай” гэж байна. Тэгэхлээр ЭМЕРИТ ПРОФЕССОР гэдэг нь юутай ч шилдэг профессор гэсэн утгатай ажээ гэсэн анхны төсөөлөл авав. Нийтийн унаанд суутал их сургуулийн танил багш доктортой уулзлаа. Эмерит профессор гэсэн цол олгох ёслолд оролцсон тухайгаа ярилаа. Гэтэл тэрбээр “Арабын орнуудад л эмир гэсэн үг хэргэлдэг. Ямар учиртай утгатай үг вэ” гэж надаас сөргүүлэн асуулаа. Би урилгаа үзүүллээ. Гэртээ ирээд толь бичиг сөхлөө. Өнөө сүрхий англи үг бололтой. Emeritus гэдэг нь хүндэт, нэр хүндтэй хэмээн оноожээ. Урьд нь профессор цолтой хүнд ХҮНДЭТ ПРОФЕССОР гэсэн цол олгож яав ч таарахгүй, бүр дооглох мэт дордуулчихмаар. Профессорууд дотроо ШИЛДЭГ ПРОФЕССОР гэж болмоор. Гэхдээ манайд уламжлал би шүү дээ. НОМЧ МЭРГЭН ПРОФЕССОР гэчихвэл монгол хүний чихэнд сонсголонтой ойлгомжтой бүр хүндэтгэлтэй мэт сэтгэлд буулаа.
НОМЧ МЭРГЭН ГАВЖ гэсэн шашны цол бий. Энэ чинь шашны мяндагтны цол биш гээд шилээ шөргөөгөөд ярвалзах албан тушаалтан байж мэднэ. Номын эрдмийг дээдэлж түүнд нэвтэрсэн хүн шашны ухаан, шинжлэх ухаан гэж их зааглахын аргагүй мэт.
Э.Равданы төрсөн ах өвгөн,түүний үр хүүхэд Өврийн хангайн Баруунбаян-Улаан сумын Өшгөгийн нуруунд нутаглаж буй жирийн иргэн малчид бий л дээ. Тэд дүү, ах маань ЭМЕРИТ ПРОФЕССОР боллоо гэдгийг сонсоод учры нь ойлгон сэтгэлий нь хөдөлгөхгүй байх. Харин НОМЧ МЭРГЭН ПРОФЕССОР гэсэн цол авчээ гэвэл сэтгэлд нь гэгээ тусах мэт аятайхан байх болов уу. Тэгэхлээр гадаад үгээр гангарах нь иргэдийнхээ сэтгэл рүү хор цацах мэт дөжрүүн мэлгэр болгодог юм биш үү.

Зохиолч С.Товуудорж. 2016.III.02.

SHARE