Б.Өлзийбуянд оногдуулсан ялыг 9 жил хорих болгон өөрчиллөө

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Өлзийбуянд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

Б.Өлзийбуян нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Горхи мэлхий хад” амралтын газарт хамт олноороо амарч байхдаа түүний нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохисон Х-г нэг удаа цохиж унагасны улмаас амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Өлзийбуянг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн  атлаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан ялын хэмжээтэй дүйцэхүйц ял оногдуулж хууль буцаан хэрэглэх журмыг зөрчсөний дээр гэмт хэрэг гарахад хохирогч Х-ийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзээгүй нь буруу гэж дүгнээд  Б.Өлзийбуянд оногдуулсан ялыг 9 жил хорих болгон өөрчилж шийдвэрлэв.

Эх сурвалж: http://www.supremecourt.mn

SHARE