Жинхэнэ эх орончид тэд л байна

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг асуулт толгойноос огт салдаггүй. Эх оронч гэж хэн бэ гэж. Мэдээж энэ АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Х.Баттулгын уриатай холбоотой хэрэг. Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх оронч Х.Баттулга” хэмээх тодотголоор сонгуулийн имиджээ бүрдүүлсэн. Түүнийг нь магтан шагшигч намын дэмжигчид олон байсан нь гарцаагүй. Харин нөгөө талд “Эх оронч” гэх эл тодотгол Төрийн тэргүүний хувьд үнэнд хэр нийцэх вэ гэдэгт олон хүн эргэлзэж байсан нь лавтай.

Ингэхэд эх оронч гэж хэн бэ. Бидний зүрх сэтгэл, оюун ухаанд хадагдсанаар бол эх орныхоо төлөө ямар нэгэн гавъяа байгуулсан, үйл хэргийг эхлүүлсэн, цаашлаад эрүүл мэнд, амь биеэ зориулсан хүнийг эх оронч гэж тодотгох учиртай. Монголын түүхэнд ийм гавъяа байгуулсан олон хүн бий. Улсынхаа тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэгчид Чингүүнжав, Амарсанаа, Ханддорж, Сүхбаатар, Бодоо, Данзан, Догсом гээд л үргэлжилнэ. Тэдний баатарлаг үйлс түүхийн хуудаст тод тэмдэглэгдэж ирээдүй хойчийн хүүхэд залуус шимтэн сонсч бахархаж байгаа. Тэгвэл Х.Баттулга ямар үйл бүтээснээрээ тэдэнтэй эн зэрэгцэн “Эх оронч” гэж цоллогдох болов?

Х.Баттулгыг бизнесмэн, спортын хүн гэдгээр нь монголчууд хамгийн сайн мэднэ. Түүний сэтгэл зүтгэлээр Монголын жүдочид дэлхийн тавцнаа гарсныг үгүйсгэх аргагүй. Тэглээ гээд энэ явдал эх оронч болох үндэслэл биш. Тэр зүгээр л спортод элэгтэй хүн. Эх оронч үйл бүтээсэн эсэхийг лавлаж түүний намтрыг дахин ухъя. Хувьчлалын хуудуутай наймаагаар эхэлж олон тэрбумын төсөвтэй төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын төслөөс мөнгө зувчуулсан хэрэгт холбогдсоноор төгсч байна. Ийм л “гавъяа” байгуулсан хүн эх оронч болдог цаг үе ирсэн хэрэг үү.

Уг нь жинхэнэ эх оронч үйлийг цээжээ дэлдэлгүйгээр чимээгүй бүтээж байгаа хүмүүс байна. Ашиг хонжоо хайж авлига хахуулиар Монголын газар шороог сэндийчихийг санаархагч уул уурхайнхны өөдөөс нүцгэн сэтгэлээр тэмцэж байгаа энгийн ард олон байна. Эхнээсээ үр дүнд хүрч байгаа нь ч олон. 20 гаруй жил алтыг нь аваад авдрыг нь гөвж орхисон Төв аймгийн Заамар сумынхан ахиж хөрсөө эвдүүлэхгүйн тулд, төр компани хоёрын үгсчихсэн хана хэрмийг нураахын тулд сүүлийн хэдэн сар тууштай тэмцсээр алтны лицензүүдийг зогсоож чадлаа. Түүх соёлын үнэт дурсгалтай Ноён уулыг хамгаалж үлдэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд жил дамнан тэмцсээр Гацууртын ордын үйл ажиллагааг сааруулж шүүхийн шатанд шилжүүлж чадлаа. Дэлхийн өв болсон Увс нуурын ай сав газарт газрыг дараагийн Дорнод болгохоор зэхсэн газрын тосны хайгуулыг Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас сумынхан нэгдэж зогсоож чадлаа. Хайрга дайрга өдөр шөнөгүй зөөдөг карьерынхны савраас Туул голыг хамгаалахаар шөнө бүр ээлжлэн “жижүүрлэдэг” Туул тосгоныхон байна. Тэд өөрсдийгөө эх орончид гэж цээжээ дэлддэггүй. Газар нутгаа бүрэн бүтэн байлгахын төлөө чимээгүй ингэж тэмцэж явна.

Товойлгох гавъяаггүй, тодотгох үйлгүй сонгуулийн “пи-ар”-ын дэргэд бол өнөөгийн Монголын эх орончид тэд л байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

 

SHARE