М.Энхболд та, яах гэж тэгсэн юм бэ?!

Монголын улс төрийн толгойд “тоглодог” цөөхөн хэдэн улстөрч байдаг. Тэдний нэг нь УИХ-ын дарга М.Энхболд юм.

Лав л сүүлийн арваад жилд Монголын улс төр, эдийн засгийн чухал шийдвэрүүдэд энэ хүн ихээхэн нөлөөтэй оролцож ирсэн байдаг. Тэр утгаараа Монголын нөлөө бүхий улстөрчдийн нэг мөнөөс мөн.

Гэхдээ олон нийт түүнд тийм  ч таатай ханддаггүй. Үүнийг шуудхан хэлчих хэрэгтэй. Сонин хэвлэл, цахим мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээ, нийтлэлүүд, тэдгээрийн доорх сэтгэгдлээс ингэж харагддаг юм. Намынхан нь бол өөрөөр хардаг байх.

Бас элдэв судалгааны байгууллагын дүнгээр ч рейтинг нь төдийлэн өндөр гардаггүй. М.Энхболд бол хэн ч мэдэхгүй нэг улстөрч нэртэй этгээд бус, эрх баригч намын дарга асан, УИХ-ын дарга хүн. Тэгэхээр рейтинг нь хашиж буй албан тушаалдаа дүйцэх учиртай байж таарна.

Ингэж улс төрд ихээхэн нөлөөтэй мөртлөө, нэр хүнд нь олон нийтийн сайнгүй үзэгдэл дэлхийн улс төрд ховор гэж байгаа.

Ер нь бол их улс төрд хөл тавьсан хэн ч эргэж буцах аргагүй хийгээд хар ба цагаанд сүлэгдэж амьдардаг жамтай гэдэг. Харин хар уу, цагаан уу гэдгийг өөрөө бүтээдэг. Тэгэхээр энэ нь улстөрчөөс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн үг юм.

УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны сонгуулиас хойш хийсэн “хөдөлгөөн”-үүд ерөнхийдөө буруу байсан гэж ажиглагчид, улстөрчид үзсэн байдаг юм. Бас олон нийт ч тэгдэг.

2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 65 суудалтай болсон. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд байсан. Тэгэхээр М.Энхболд энэ ялалтын гавьяаг хуваалцах №1 хүн болж таарна.

Тэр эрхийнхээ дагуу сонгуулийн дараа явагдсан засаглалын хуваарилалтад М.Энхболд онцгой эрхтэй оролцсон. Харин тэрээр намынхаа дүрэм, явж ирсэн жишиг зэргийг эвдэж Ерөнхий сайд болоогүй юм. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж, өөрөө УИХ-ын дарга болсон. М.Энхболд ингэж эхнийхээ буруу алхмыг хийсэн.

Үүний үр дүнд засаглалын төв цэгт байдаг Засгийн газрын үйл ажиллагаа бүдгэрч, явсаар Засгийн газрын тэргүүний буурь суурь ганхаж эхэлсэн. Хэрвээ М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болсон өнөөдрийг хүртэл Засгийн газар тогтвортой, МАН-д ямар нэг хөдөлгөөн гарахгүй байв.

Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөв. Сонгуулиас хоёрхон сарын өмнө гарсан Сантмаралын судалгааны дүнгээр М.Энхболд рейтингээрээ 3-4 дүгээрт бичигдэж байлаа. Намынх нь Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын Н.Энхбаяр, АН-ын Р.Амаржаргал нар түүнээс өндөр рейтингтэй байв. Ийм байхад М.Энхболд нэр дэвшсэн. Үр дүнд нь тэр ялагдаж, АН-ын Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Уг нь дээрх судалгаагаар хожим Ерөнхийлөгч болсон Х.Баттулга рейтингээрээ 6-7 дугаарт бичигдэж байсан юм.

Магадгүй, МАН-аас өөр хэн нэгэн нэр дэвшсэн бол Х.Баттулга Ерөнхийлөгч болохгүй байсан ч байж магадгүй юм.

Ер нь бол М.Энхболд нийт ард түмний дийлэнхийн саналыг авч чадахгүй байх хэд хэдэн шалтгаан байсан.

Хамгийн эхнийх нь түүний нэрнээс хэзээ ч салдаггүй “Нийслэлийн газрыг ийш тийш болгосон” гэх асуудал юм. Хэдийгээр түүнийг нийслэлийн газрыг наймаалалцаж байгаагүй гэх шүүх, цагдаагийн олон тодорхойлолт, шийдвэр зөндөө байдаг ч олон нийт үүнд итгэдэггүй гэхэд болно.

Дараагийнх нь 60 тэрбумын хэмээх бичлэг. Тэрээр уг бичлэгийг “…Эвлүүлэг байсан” гэж хэлээд л буруудсан.

Мөн 2016 оны сонгуулийн дараа М.Энхболдын гэрт хожим дахин томилогдсон хууль хүчний байгууллагын удирдлагууд, СЕХ-ны нарийн бичгийн дарга зэрэг хүмүүс золгохоор очсон үеийн бичлэг алдагдаж, нийтийн сүлжээгээр цацагдсан. Бас Ерөнхийлөгчийн сонгуулийн халз ярилцлагад бэлтгэж байгаа бичлэг нь бас алдагдсан.

Энэ мэтийн шалтгаан бий.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдод хэдхэн үг хэлмээр байгаа юм.

М.Энхболд та, яах гэж Ерөнхий сайд бололгүй УИХ-ын дарга болсон юм бэ?!

М.Энхболд та, яах гэж Ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм бэ?!

М.Энхболд та, яах гэж  60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг байсан гэж мэдэгдсэн юм бэ?!

М.Энхболд та, яах гэж элдэв бичлэгүүдээ алдсан юм бэ?!

Ийм байхад ард түмэн яаж таныг яаж “…Манай М.Энхболд дарга янзтай гоё” хэлэх юм бэ?!

Ийм олон үндэс, шалтгаан байгаа учраас М.Энхболд та “…Ард түмэн намайг таалахгүй байна” гэж гомдох хэрэггүй юм.

УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн М.Энхболд, Ерөнхий сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга М.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга М.Энхболдыг М.Энхболд та өөрөө л бүтээсэн. Энэ бол таны л явсан зам мөр, хйисэн ажил шүү дээ.

Өнөөдөр XXI зуун. Хүн хүнийг байтугай, хүн төрөлхтөн өөрийнхөө бүтээсэн технологид гүйцэгддэг болсон цаг. Ганцхан үгээр хэлэхэд, учраа мэдэхгүй хүүхэд байтугай хал үзсэн хашир хүмүүс хүртэл “…Хаан шалдан байна” гээд хэлчих зүрхтэй, эрхтэй болчихсон үе шүү дээ, М.Энхболд дарга минь?!

Эх сурвалж: www.news1.mn

SHARE