Оросын “Улаан машин” Германы “Бундестим”-ийг арай гэж хожин аваргаллаа

Пёнчаны “Gangneung Hockey Centre” спортын ордонд хуран чуулсан таван мянга гаруй үзэгчдийн өмнө олимпийн аваргын төлөөх хоккейн гол тулаанд “Улаан машин” гэгдсэн Оросын шигшээ баг Германы “Бундестим”-тэй таарна гэж хэн урьдчилан бодсон бол.

Өдгөө Герман даяар хөлбөмбөгийн бус, хоккейн “Бундестим”-ээ магтаж буй нь гарцаагүй. Тэд олимпийн тэмцээний шөвгийн наймд бараг л гайхамшиг бүтээх шахсан. Хоккейд өнөөг хүртэл гавихгүй явсан Германы шигшээ баг шөвгийн арван зургаад Швейцарийг 2:1, шөвгийн наймд хүчирхэг Шведийг 4:3, хагас шигшээд хоккейг үндэслэгч гэгддэг Канадыг 4:1-ээр тус тус хожин олныг алмайруулсан билээ.

Тиймээс ч Германы хоккейн “Бундестим”-д бяр амтагдсан биз ээ. Аваргын төлөө “Оросын олимпийн тамирчид” багтай тэд ач тач үзэн аваргын алтан медалиас бараг л бариад алдсан. Тэд тоглолт дуусахаас 50-хан секундын өмнө нэг хүн дутуу Оросын багаас гоол алдан тооны харьцаа 3:3 болсон.Нэмэлт цагт угаасаа хувь илүү оросууд хоккейд хэн нь хэн гэдгийг батлан аваргалсан юм.

Өмнөх буюу 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмаар зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн нь илэрсэн манай хойд хөршийнхөн Пёнчанд тэргүүлэгч олон тамирчингүйгээр ирсэн бөгөөд хоёр алт, зургаан мөнгө, есөн хүрэл медальтайгаар улс орнуудын жагсаалтад ердөө 13-т бичигдэн түүхэндээ байгаагүй муу амжилт үзүүллээ.

Гэхдээ оросууд “Хоккейд аваргалсан бол олимпод аваргалсантай ялгаагүй” хэмээн баярлаж байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE