14 тэрбумын “номын хэрэг”-т Гарьдхүүгийн Баярсайхан холбоотой юу…

Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголын байгалийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Ж.Гарьдхүү “Эрдэнэт үйлдвэр”-т “Орхон-Сэлэнгийн сав газрыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл” нэртэй 11 боть номыг 14.6 тэрбум төгрөгөөр “шахсан” нь өнөөдөр ил болоод шүүхийн шатанд хүрээд байгаа ажээ. Уг нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан хүн нь Ж.Гарьдхүү өөрөө юм байна. Үүний учир нь тэрээр он, сар, өдөр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль, эрх зүйн газрын тэмдэг, бүртгэлийн дугаар байхгүй, зөвхөн өөрт нь байх гэрээнд заасан мөнгийг нэхэмжилж шүүхэд гомдол гаргажээ.
Энэ асуудал хэрхэн эхэлснийг харъя.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн тогтоолд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “…Орхон-Сэлэнгийн сав ба бусад нутгийг бохирдуулж буй цагаан тоосыг дарах үйл ажиллагаанд салбарын эрдэмтдийг татан оролцуулж шинжлэх ухааны үндэстэйгээр даруй гүйцэтгэх” үүрэг даалгаврыг тухайн үед тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Гарьдхүүгийн Баярсайхан гаргасан байдаг ажээ. Ингэхдээ даалгаврын биелэлтийг зургаан сард багтаан мэдээлэхийг давхар үүрэгдсэн байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаанд салбарын эрдэмтдийг татан оролцуулах гэсэн санааны цаана УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны мань дарга Г.Баярсайханы аав Ж.Гарьдхүүгийн зохиогчийн эрхийн гэрчилгээг нь авсан өнөөх 11 боть ном бэлэн очих газраа хүлээж байсан гэсэн үг. Тэгээд ч АН-ын журмын нөхөд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн “толгойд” гарсан үе учир Гарьдхүүгийн Баярсайханы хувьд энэ хэрийн “шахаа” хийхэд түвэг учраагүй нь тодорхой. Ингэж л зургаан сая ам.долларын буюу 14.6 тэрбум төгрөгийн үнэтэй ном нийлүүлэх зохион байгуулалттай шахааны бизнес гэдэг зүйл хэрэгжсэн байна.
Гэтэл “Орхон-Сэлэнгийн сав газрыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл” нэртэй эрдэм шинжилгээний 11 боть бүтээлд “Эрдэнэт үйлдвэр”-ийн цагаан тоос дарах болон хаягдлын нуурыг үйлдвэрт ашигтайгаар эргүүлэн ашиглах талаар 70 гаруй хуудаст багтаан дурдсан нь дэндүү чамламаар байгааг эх сурвалжууд, мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 70 хуудас тойм төдий бичвэрийг 14.6 тэрбумаар худалдан авах бяр “Стандарт” банкны өрийн гацаанд буй “Эрдэнэт үйлдвэр”-т бий юу гэж асуух хэрэгтэй болоод байна.
Эх сурвалж: www.news1.mn

SHARE