Хүртдэггүй баялаг

Газрын доороо байгалийн баялаг арвинтай, дээрээ 60 сая малтай хэрнээ гуравхан сая монголчууд хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж чадахгүй байгааг гадныхан ихээхэн гайхдаг гэлцдэг. Алтан дээр суусан гуйлгачин гэж шоглох нь бий. Үнэндээ ард түмэн ч гайхаж байна. Баялаг их байх тусмаа хүртээмж нь алсардаг ажээ.

 

Монгол Улс 1.5 сая гаруй км.кв газар нутагтай. Ийм өргөн газар нутгийн эзэд гурван саяулаа. Нэг хавтгай дөрвөлжин км-т ногдох хүний тоогоор дэлхийд хоёрт ордог. Тэгвэл монгол хүн өөрийн өмчлөлийн газартай болоход тун бэрх. Хуулиар хүн бүр 0.07 га-аас хэтрүүлэхгүй газар өмчлөх эрхтэй. Гэвч энэ эрх хүн бүрт олдохгүй. Хамгийн хүнд суртал, авлигалд өртсөн салбар газрын албад гэж хуулийнхан судлаад гаргачихаад байгаа.

 

Нэг ёсондоо иргэд газар өмчлөх өргөдөл гаргахад шийдэгдэнэ ээ гэж гонж. Гэтэл ирэх тавдугаар сарын 1-нээс эзэмшиж байгаа газраа 9.2 сая төгрөгөөр өмчлөх хуулийн заалт үйлчилж эхлэхийг албаныхан мэдэгдлээ. Уг нь дэлхийд тэргүүлдгээрээ монгол хүн бүр газар хэмээх үл хөдлөх хөрөнгөтэй байхаар байгаа юм. Гэвч нийт хүн амын 14 хувь нь л өөрийн өмчийн газартай гэсэн албан ёсны судалгаа байна.
Монгол Улс 67 сая толгой малтай. Бас л малынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигддэг хэрнээ махгүй хонодог айл өрх хэдэн зуугаараа. Мал бас төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалттай. Үүгээр бол манай улсад мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ хамгийн хямд байхаар. Гэтэл эсрэгээрээ, хамгийн үнэтэй нь мах, махан бүтээгдэхүүн. Төр засгаас халамжийн талаарх ямар нэгэн шийдвэр гарахад хамгийн түрүүнд ханшаа хөөргөддөг салбар нь мал аж ахуй.
Монгол Улс нүүрсээр баялаг. Нүүрсний том том ордтой. Тавантолгой гэхэд 6.4 тэрбум тонн нөөцтэй гэж байгаа. Нүүрсний экспорт олон жилийн турш үргэлжилж буй. Гадаадынхныг тэжээдэг монгол баялаг дотооддоо чамлахааргүй үнэтэй. Тэрбум тэрбум тонноор хэмжигдэх нөөцтэй орны иргэд толгой гудайхгүйхгээр амьжиргаандаа хэрэглэчихмээр. Гэвч жилийн жилд нүүрсний үнэ нэмэгдэж ард иргэд бухимдах болов.
Уг нь газрын доорх баялаг ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтаар мал, нүүрс, газрыг бүх монголчууд эрх тэгш хүртмээр. Хамгийн их баялгийг хүртээдэггүй бодлогыг л ард түмэн хамгийн их эсэргүүцэж байна.
Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE