Энэ цагийн хамгийн баавартай хүн Д.Сугарын үгийг сонсоцгоо!

ТӨХ-ны дарга асан Д.Сугар одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажилтай.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн бол УИХ-ын гишүүнд байсан бүрэн эрхээр хамгаалагддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж байхдаа л баригдчихгүй бол шүүх шийдэж, УИХ чөлөөлтөл хэн ч халдаж чадахгүй гэсэн үг.

Энэ эрхийг дурдсан нь учиртай. Юу гэвэл Д.Сугарыг ТӨХ-ны дарга байхад нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалаад зээл авчихжээ. Харин одоо түүний өрөнд 99 сая ам.доллар төлөх ёстой гэсэн Лондонгийн арбитрын шүүхийн шийдвэр гараад байгаа юм. Ингээд энэ хэргийн буруутныг Монголын ард түмэн “хайж” эхлээд байгаа юм. Үүнд холбогдсон хүний нэг нь гарцаагүй Д.Сугар байгаа юм.

Д.Сугар өнөөдөр /2018.2.21./ Өдрийн сонинд товч тайлбар өгсөн байна.

Тэрээр “…Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр ус байгааг та нар олвол би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно” гэжээ.

Д.Сугарын энэ үг Монголын төрийг, Монголын ард түмнийг арай л дэндүү басамжлаад байна уу гэмээр байгаа юм. “…Тэнд миний нэр ус байгааг та нар олвол би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно” ч гэх шиг “эвгүй” нөхдүүдийн ярьдгаар үнэхээрийн баавартай ярьжээ. Даапаалж л байгаа юм л даа.
Бас Д.Сугар “…Хаа очиж шалгуулсаар байгаад цэвэр ариунаа тогтоолгочихсон хүн одоогоор би л байна даа” гэсэн байна. Хэн, хэзээ Д.Сугарыг шалгаад ариун цагаан хүн байна гээд тогтоочихсон юм бэ.

Ер нь Д.Сугарт ингэж “бааварлах” эрх бий юу. Энэ хүн 2006-2012 оныг хүртэл ТӨХ-ны даргаар ажиллаж байсан. “Жаст”-ын Ш.Батхүү 2009 оноос хойшх зээлийн баримтад гарын үсгийг нь дууриалгасан гээд цагдаад бичиг бичээд өгчихсөн юм байна л даа.

Гэтэл “…“Эрдэнэт үйлдвэр” 2007 онд  “Жаст” группийн захирал Ш.Батхүүд батлан даалт гарган зээл авахуулж байсан нь үнэн” гэсэн тайлбарыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг 2014 онд хэвлэлд өгсөн байна. Тэр үед Д.Сугар ТӨХ-ны дарга болоод жил шахам болж байсан юм.

Д.Сугарын яриа, байр суурийг үзэхүл өнөөдөр их өөрчлөгдсөн байна.

Энэ хүн 2013 онд МИАТ-ийн хэрэг, бас “Жаст” группийн асуудал гарч ирэхэд “…Хүмүүс намайг их муухайгаар бодож, төсөөлж байгаа гэдгийг сайтар ухаарч  хүнийхээ хувьд ихээ­хэн эмзэглэж явна. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр захын нэг төрийн албан хаагч, ажлаа хэл амгүйхэн шиг хийгээд гэлдэрч явсан хүнийг авч ирээд тавьчихдаг ч юм биш. Миний хувьд баахан хэрэг тарьчихаад  цэцийн ард нуугдаад байгаа  зүйл ерөөсөө байхгүй. Миний эрхийг ба­талгаатай хамгаална гэсэн итгэл үнэмшил бүрдэх юм бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татгалзах  эр зориг надад байна.Би за­рим хүмүүсийн бодоод байгаа шиг баахан хэрэг тарь­чихаад, Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх, хамгаалалтын ард нуугдаж суугаа   хулчгар,  үл бүтэх  амьтан  нь биш шүү. Хүмүүс мартчихаагүй бол би  олон жил  төрийн  албыг  найдвартай хашиж, ноён нуруутай төрийн хар хүн гэж хэлэгдэж явсан юм шүү. Одоо бол зориудаар намайг унагах санаатай гүтгэсэн тоймгүй олон гүтгэлэг до­ромжлолын үр дүнд хү­мүүсийн дунд Д.Сугар шиг муу хүн байхгүй гэсэн ойл­голт яваад байгаа нь тодорхой. Гэхдээ  хүмүүст  хандаж  хэ­лэхэд “Жаахан тэвчээртэй хүлээ­гээрэй. Бүх зүйл хууль журмын дагуу шалгагдаж үнэн зөв нь олдоно. Ямар ч гэсэн Д.Сугар нэрээ цэ­вэрлээд, энэ бүхнийг даваад гарна” гэдгийг л хэлэх байна. Өөр ч яриад байх юм алга даа” гээд ихээхэн учирласан ярилцлагыг өгч байсан юм.

Харин өнөөдөр тэр их баавартай болсон байна.

Тиймээс энэ цагийн хамгийн баавартай хүн Д.Сугарын үгийг сонсоод л сууж байх уу даа.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE