Бэлчээр падлийгүй, мянгат л болъё

Сар шинийн баяраар улс, аймгийн сайн, мянгат малчид тодордог уламжлалтай. Улсын хэмжээнд 6900 орчим мянгат малчин, 700 гаруй сайн малчин байдаг юм байна. Малчин хүний нэг насны бахархал, гавьяа болох учиртай мянгат, сайн малчин гэх энэ цол гуншингийн утга учир ихээхэн алдагдсан тухай яриа чих дэлсэх боллоо. Ерөөсөө мянгат малчин болох туйлын амар болсон гэнэ.

Ах дүүс нийлээд малаа нэгнийхээ нэр дээр тоолуулчихдаг, дараа жил нь дахиад нэг нь ах дүүсийнхээ малыг өөр дээрээ тоолуулах журмаар мянга хүргээд энэ эрхэм хүндтэй шагналыг авчихдаг болсныг захын малчин хэлэх болжээ. Тэд зөвхөн шагналаар дуусахгүй, банкнаас зээл авахын тулд олон малтай харагдах гэсэн башир арга гэдгийг ч учир мэдэх хүмүүс ярьж байна. Зөвхөн малчид ч энэ хэргийн эзэд биш. Сумын Засаг дарга нар улсын төсвөө өндөр батлуулах, онцгой байдлын нөөцөө ахиу бүрдүүлэхийн тулд малаа өсгөж тоолуулдаг “жишиг” ч хөдөөгүүр газар аваад уджээ. Саяхны нэгэн хяналт шалгалтаар хоёр суманд гэхэд малын тоог 30 хувь хөөрөгдсөн болох нь тогтоогджээ. Ингэхээр Монгол Улс 67 сая малтай гэдэг хэр үнэний ортой тооллого вэ?

Үүнээс дутахааргүй нэг чухал асуудал мал аж ахуйн салбарт аюулын харанга дэлдэж байна. Монгол Улс малчдаа аварга, мянгат, сайнаар нь тодруулсаар дээр хэлсэнчлэн 7000 гаруй малчныг ингэж алдаршуулжээ. Улс, аймгаараа малчдаа алдаршуулдаг юм байж. Гэтэл нөгөө талд сая сая, мянга мянгаар тоологдсон мал нь идэх өвсгүй, бэлчээрлэх бэлчээргүй болчихоод байгааг тоож байгаа төр засаг байна уу. Бэлчээргүй болчихвол энэ хэдэн арван сая мал юугаа идэж тараг тэвээрэг авах вэ.

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын судалгааны  үр дүнд бүх нутгийн 65 хувийнх нь ургамалан нөмрөг, төрөл зүйл хурдацтайгаар буурч доройтож байгаа нь тогтоогджээ. Нэг ёсондоо Монгол орны бэлчээр нутгийн талаас илүү хувь нь маш хурдтай үхжиж байна гэсэн үг. Бэлчээрийн даац хэд дахин нэмэгдэж орхисон. Жил бүр малынхаа тоог сүр жавхлантайгаар тоолж, түдэн саяд хүрлээ гэж бахархан зарлахыг л сонсч ирлээ. Харин бэлчээрийн даац ямар байгаа, доройтлоос хамгаалсан бодлогыг хэрхэн боловсруулж хэрэгжүүлж байгааг ярьж хэлсэн мэдээлэл огт дуулдсангүй.

Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд холбогдох газрууд энэ талаар хамгийн түрүүнд дуугарах ёстой. Малчид ч мөн адил. Нэг хэсэг нь чанартай, чанаргүй ч малынхаа тоог өсгөхийг урьтаж, нөгөө талд нь тэднийг алдаршуулж хөөрөгдөөд өвөл болохоор өвс тэжээлээр үнэгүй хангаж, хөнгөлөлттэй зээл олгосоор бэлэнчлэх сэтгэлгээг нь өрдсөөр байна.

Сайн малчны шалгуур гэж бий. Уг шалгуур малчны хотонд очихоороо тунхаг төдий болсон нь ах дүүсээрээ ээлжлэн малаа нийлүүлээд мянгат болчихдог байдлаас л харж болно. Малчдад мянгат болоод улсаас шагнуулж, банкнаас зээлжиж байвал бэлчээр падлийгүй гэсэн дүр зураг өнгөрсөн хугацаанд тодорхой харагдав.

Уг нь мал аж ахуй Монголын эдийн засгийн голлох аж ахуй болохын хувьд бэлчээр нутгийг нь хамгаалах, зүй зохистой ашиглах тухай үндэсний хэмжээний бодлого хэрэгжүүлж байх учиртай. Ийм ажил байдаг эсэхийг судалж үзвэл дотоодынх бус гадаадын тусламжтай хуруу дарам төсөл хөтөлбөрүүд л байдаг аж. Үүний нэг нь Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлдэг “Ногоон алт” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд улсаас бүрдүүлж чадаагүй мал, малчид, бэлчээр нутгийн талаар нэгдсэн том баазыг бий болгожээ. 65 хувьд нь доройтоод байгаа бэлчээрийн даацыг бууруулж чадвал 90 гаруй хувь нь байгалийнхаа аясаар сэргэх боломжтой гэж судлагдсан тухай “Ногоон алт” хөтөлбөрийн зохицуулагч, судлаач Ц.Энх-Амгалан онцолж байна. Тэрээр “Нийтийн буюу дундын ашиглалтад байгаа өмчийг ашиглагч бүр зөвхөн өөрийн хувийн ашиг орлогыг нэмэгдүүлэх сэдлээр хайр найргүй ашиглавал эцсийн дүнд уг дундын өмч нь устаж үгүй болж бүх ашиглагчид нэгэн адил хохироход хүрнэ гэсэн дүгнэлтийг 1833 онд Английн эрдэмтэн Вильяам Фостер Ллойд хийсэн байдаг. Үүнийг илэрхийлсэн түүний онол нийтийн өмчийн эмгэнэл. Вильяам Фостер Ллойд тухайн үед энэ онолоо Английн тосгодод малчид дундаа ашигладаг бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглах нь зайлшгүй чухал болохыг, эс бөгөөс хор уршгийг нь бүгд хүртэх тухай жишээн дээр үндэслэж боловсруулсан. Тосгоны захиргаа болон малчид хамтран хэлэлцэж тогтоосон журамдаа малчин нэг бүрийн дундын бэлчээрт оруулах малын тоо толгойг тогтоож өгдөг байж. Хэрвээ хэн нэг малчин нь өөрт зөвшөөрөгдсөн тооноос илүү тооны малыг дундын бэлчээрт идээшүүлбэл хамтдаа ашиглаж байгаа бусад малчдынхаа ашиг орлогоос завшсан хэрэг болно. Малчин бүр үүнийг  ухамсарлахгүйгээр өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор илүү тооны мал бэлчээвэл дундын бэлчэрийн даац хэтэрч талхагдан тосгоны бүх малчид бүгдээрээ хохироно гэжээ. Энэ жишгээр бол манай орны бэлчээрийн талхагдал доройтлын гол шалтгаан үр дагавар нь маш тодорхой байна. Алдаагаа засах, бэлчээрийн доройтлыг сайжруулах гарц ч олон байгаа” гэж байна.

Бэлчээрийн доройтлыг бууруулах гол арга зам нь зүй зохистой ашиглалт гэдгийг эрдэмтэн, судлаачид ийнхүү хэлж байна. Малчдыг малаа хэр хурдтай өсгөж вэ, хэн нь хамгийн түрүүнд мянга хүргэв гэж уралдуулахын оронд бэлчээрийн даацыг хэрхэн зүй зохистой ашигласнаар нь, тоог бус чанарыг чухалчилсан малчдад тусгай шалгуур тавьж түүнийг нь яс мөрдөөд л шагнадаг болчихмоор байгаа юм. Эс тэгвэл мянгат л болж байвал бэлчээр падлийгүй гэсэн сэтгэлгээ хүн бүрт байна. Ерөөс энэ нь бичигдээгүй хууль болохыг аль 200 жилийн өмнө онолыг нь боловсруулчихсан байна шүү дээ.

 Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE